Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага, ажлын зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Харилцаа холбооны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, Барилгын норм ба дүрэм, журам, Газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Улс, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах, иргэдийн оролцоотой газар шинэчилэн зохион байгуулах болон бусад төсөл хөтөлбөрт тусгагдсан инженерийн дэд бүтцийн хангамжийн төлөвлөлтийн шийдэлд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах;

2.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөр, зээл тусламжаар хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний инженерийн дэд бүтцийн ажлын зураг төслийг хянах, зөвшилцөх, хэрэгжилтэд хяналт тавих;

2.3.Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамжийн судалгаа, урьдчилсан тооцоо, төлөвлөлтийн төсөл боловсруулах, төсвийн төсөлд санал оруулах, дэд бүтцийн төлөвлөлтийн шийдэл гарган, хэрэгжилтийг хангуулах.

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Нийслэлийн хэмжээнд баригдах шинэ хороолол хотхоны инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээ, хангамж, ашиглалт, чанар байдлын судалгаа гаргах, төлөвлөлт хийх, инженерийн шугам сүлжээний ажлын зургийн даалгавар боловсруулж батлуулах

3.2.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдэлд инженерийн хангамжийн судалгаа, тооцоо гарган төлөвлөлтийг хянах

3.3.Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн хангамжийн судалгаа, тооцоог хийж, төлөвлөлтийн шийдлийг гаргах

3.4.Нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал боловсруулах, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэх ажлыг хэрэгжүүлэх

3.5.Дээд газар, холбогдох яамдууд, шугам сүлжээний ашиглалтын байгууллагуудтай хамтран инженерийн дэд бүтцийн хангамжийн төлөвлөлт, хэрэгжилтэнд хяналт тавих, холбогдох асуудлыг хамтран шийдвэрлэх

3.6.Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас тодорхойлох

3.7.Инженерийн дэд бүтцийн жижүүрийн зургийг хөтлөхөд шаардлагатай мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагаас шуурхай гаргуулан авах

3.8.Инженерийн дэд бүтцийн жижүүрийн зургийг хөтлөх

3.9.Хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх

3.10.Бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй үйл ажиллагааны зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхэд эрхлэх асуудлын хүрээнд харилцах, уулзалт зохион байгуулах, санал боловсруулан удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх

3.11.Хэлтсийн болон газрын үйл ажиллагаатай холбогдох иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан шийдвэрлүүлэх.

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Хэлтсийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3.төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4.ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.5.архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.6.ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

4.7.7.хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтын бүрдлийг бүрэн ханган хадгаламжийн нэгж үүсгэх.

4.8.Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.9.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулна.

------------оОо------------

Манай зочид

1336039
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
386
430
1036
13015
13305
1336039