Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс

БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага, ажлын зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, Газрын дүрэм, газрын Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт, нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;

2.2.Өмчийн хэлбэрийг үл харгалзан бүх барилга, байгууламжийг паспортжуулах, тэдгээрийн чанар, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй барилга, байгууламжийн зориулалтыг өөрчлөх, хүчитгэх, эсхүл буулгах санал, дүгнэлт гаргах;

2.3.Иргэдийн газар хөдлөлийн тэсвэрлэлтийг хангасан барилга байгууламжид ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх;

2.4. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах;

2.5.Барилгын суурь хөрсний инженер геологийн нөхцлийг /хөрсний тогтоц, усны нөхцөл, хөлдөлт, суулт г.м/ тодорхойлуулах, энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах;

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдсан барилга, байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэн паспортжуулах ажлыг зохион байгуулан, хэрэгжүүлнэ.

3.2.Барилга, байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэн паспортжуулах ажлын хүрээнд биет үзлэг, хэмжилт хийнэ.

3.3. Дүрмийн 3.2-т заасан биет үзлэг, хэмжилтийн үр дүнг үндэслэн барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт үнэлгээ хийж, паспортжуулна.

3.4.Барилгын газар хөдлөлтөд тэвсэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт, чанар аюулгүй байдлын талаарх мэдээллийг, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх

3.5.Барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалтын үр дүнг үндэслэн газар хөдлөлтөд эрсдэлтэй объектуудад, ашиглалтын шаардлага хангахгүй талаарх шийдвэрийг мэргэжлийн хяналтын байгууллагаар гаргуулах

3.6.Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт төлбөртэй үнэлгээ хийх;

3.7.Барилга байгууламжид инженерийн тооцоо хийх

3.9.Барилгын суурийн ашиглалтын төлөв байдал, бетоны бат бэхийг шалгах зорилгоор шурф /нүх/ ухах ажлыг зохион байгуулах

3.10.Барилгын суурь хөрсний инженер-геологийн нөхцөл тодорхойлох чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах

3.11.Хангарьд ордонд суурилуулсан барилгын хэлбэлзэлийн байнгын мониторинг хийх, газар хөдлөлтийг бүртгэх станцын найдвартай ажиллагааг хангаж ажиллах

3.12.Хуучин болон шинээр баригдаж буй барилгуудад үл эвдэх сорилын багажаар хэмжилт судалгаа явуулж, үр дүнгийн боловсруулалт хийх

3.13.Барилгын чанартай холбоотой зарим норм, дүрэм стандартыг шинэчлэх, шинээр нэвтрүүлэх талаар холбогдох яам болон эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад санал гаргах

3.14.Онцгой байдлын Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах

3.15.Барилга, байгууламжийн чанар аюулгүй байдлын талаар зөвлөмж, гарын авлага бэлтгэх

3.16.Барилга, байгууламжийн чанар насжилтыг тодорхойлох зорилгоор үзлэг тооллого явуулах

3.17.Иргэд олон нийтэд барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн талаар сурталчилгааны ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулах

3.18. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах;

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Хэлтсийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3.төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4.ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.5.архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.6.ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

4.7.7.хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтын бүрдлийг бүрэн ханган хадгаламжийн нэгж үүсгэх.

4.8.Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.9.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулна.

------------оОо------------

Манай зочид

1336059
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
406
430
1056
13035
13305
1336059