Барилга байгууламжийн хяналтын хэлтэс

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Барилга, байгууламжийн хяналтын хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Засгийн газрын болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, бусад дүрэм, журам, Газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дахин хөгжүүлэх төсөл, дэд бүтцийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралт, их засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих;

2.2.Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах;

2.3.Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, дахин хөгжүүлэх төсөл болон шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийн хэрэгжилтэд хяналт тавина.

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Хэлтэс нь барилга, байгууламж, дэд бүтцийн чиглэлээр “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгох, байнгын ашиглалтад оруулах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1.Барилга байгууламжийн захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгох;

3.1.2.Олгосон зөвшөөрлийн хүрээнд барилга угсралтын ажлын явц, хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөгөө өгөх;

3.1.3.Барилга байгууламжийн захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулах;

3.1.4.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч, долоо хоног бүрийн пүрэв гаригт комиссын хуваарийг газрын Орлогч даргаар батлуулж ажиллах;

3.1.5.Комиссын бүрэлдэхүүнд томилогдсон мэргэжилтэн хуваарийн дагуу комисст ажиллах ба томилогдсон гишүүн ажиллах боломжгүй нөхцөлд хэлтсийн даргаас орлон ажиллах гишүүнийг томилох;

3.1.6.Комиссын гишүүд мэргэжлийн чиглэлээрээ техникийн баримт бичгийн бүрдэл, барилга, байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга, байгууламжийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралтын чанар, холбогдох норм дүрэм, стандартын шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа актад гарын үсэг зурж баталгаажуулах;

3.2.Хот байгуулалт, барилгажилтын хяналтын мэдээ, мэдээллийг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэх;

3.3.Барилга байгууламж, дэд бүтцийн чиглэлээр норм, дүрэм, эрх зүйн шинжтэй баримт бичгийн төсөл боловсруулахад оролцож, боловсруулсан төсөл, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар саналаа холбогдох байгууллагад танилцуулах, хүргүүлэх

3.4.Барилга байгууламж, дэд бүтцийн чиглэлээр холбогдох бусад байгууллагатай хамтарч ажиллах.

3.5.Хот байгуулалт, газрын харилцаа, барилгажилтын зөрчлийг арилгах талаар албан шаардлага гаргах

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Хэлтсийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3.төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4.ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.5.архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.6.ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

4.7.7.хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтын бүрдлийг бүрэн хангаж хадгаламжийн нэгж үүсгэх.

4.8.Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.9.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулна.

------------оОо------------

Манай зочид

1335993
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
340
430
990
12969
13305
1335993