Хот төлөвлөлтийн хэлтэс

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Хот төлөвлөлтийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, салбарын норм ба дүрэм, журам, Газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх, газрын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн дагуу биелэлтийг гаргаж газрын удирдлагад тайлагнах;

2.2. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлгөөнд тулгуурласан үе шатны төсөл, төлөвлөгөө болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах

2.3. Холбогдох хууль журам, норм ба дүрмийг үндэслэн барилга, байгууламж болон нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар төсөл батлах, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих,

2.5. Газрын албан хаагчдад болон олон нийтэд барилга байгууламжийн зөвшөөрөл авах үйл явц, зураг төсөлд тавигдах шаардлага, шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах.

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Хэлтэс нь хууль тогтоомжийн дагуу барилга, байгууламжийн зөвшөөрөл олгох чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих зөвшөөрөл авах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээгээр хүлээн авч, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.

3.1.2. Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар зураг батлах, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих ажлыг зохион байгуулах;

3.1.3.Тохижилт, реклам чимэглэлийг хот төлөвлөлтөд нийцүүлэн, уран сайхны шийдэл гаргах, гудамж талбай, үндэсний архитектур, түүхэн дурсгалт барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах ажилд санал өгч, ажлын зургийн даалгаврыг боловсруулах;

3.1.4.Хот, төлөвлөлтөд нийцүүлэн тохижилт, гудамжны дэлгээсний төлөвлөлтийг батлах;

3.2. Зөвшөөрөл гарсан барилга, байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх,

3.3. Хот төлөвлөлтийн болон барилга байгууламж, нийтийн эдэлбэр газрын тохижилтын талаар батлагдсан хууль, норм ба дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ тогтоосон акт, бусад баримт бичгийн төсөл боловсруулах, сургалт сурталчилгаа хийхэд газрын удирдлагын зөвшөөрөлтэй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

3.4.Хот төлөвлөлтийн чиглэлээр шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах баримт бичгийн төсөлд хот төлөвлөлтийн чиглэлээр санал өгөх,

3.5.Газрын удирдлагаас шилжүүлсэн болон хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийн дагуу ажиллах;

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах

4..3.8.хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар иргэн хуулийн этгээд болон улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн хүсэлт, нийтийн эдэлбэр газрын тохижилтын шийдлийг танилцуулан шийдвэрлүүлэх,

4.3.9.барилга байгууламжийн боловсруулсан архитектур төлөвлөлтийн даалгавар хянах, эх загвар зураг зөвшөөрөлцөх.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулга бэлтгэх болон иргэдийн санал авах самбарын эхийг хийх ажлыг зохион байгуулж, хянах.

4.8.Хэлтсийн архитектор нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу дараах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллана. Үүнд:

4.8.1.Улсын Их хурал, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын тогтоол, захирамжийн биелэлтийг гаргаж тайлагнах

4.8.2.Барилга байгууламж барих болон нийтийн эдэлбэр газарт тохижилт, газар доорхи гараж барих хүсэлтийг шийдвэрлэх, шийдэл гаргах боломжгүй тохиолдолд үндэслэл бүхий хариуг тухайн үйл ажиллагааг зохицуулсан журмын дагуу шийдвэрлэх,

4.8.3.Самбар байршуулах тохиолдолд самбарын эхийг бэлтгэж, хүсэлт гаргагч этгээдэд ахлах мэргэжилтний гарын үсэгтэй самбарын эхийг өгөх

4.8.4.Ирсэн хүсэлтийг судлан, Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулж, дэмжигдсэн материал бүрийг хот байгуулалтын мэдээллийн санд жижүүрийн зураг мэдээллийг үүсгэх үүрэгтэй.

4.8.5.Өргөдөл гомдлыг газар дээр нь судалж хуулийн хугацаанд албан бичгээр хаах үүрэгтэй.

4.9.Хэлтсийн газар зохион байгуулагч нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу дараах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллана. Үүнд:

4.9.1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг даргаас яамдын Сайдтай байгуулсан “Санамж бичиг”, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтоос хэлтсийн чиг үүрэгтэй хамаарал бүхий ажлын биелэлтийг гаргаж тайлагнах.

4.9.2.Барилга, байгууламж барих болон нийтийн эдэлбэр газарт тохижилт, газар доорхи гараж барих хүсэлтийн иргэд, оршин суугчдаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй эсэхийг баталгаажуулах,

4.9.3.Барилга, байгууламж барих болон нийтийн эдэлбэр газарт тохижилт хийх, тохижилт бүхий газар доорхи гараж барих хүсэлтийн шийдэл гаргах боломжгүй тохиолдолд үндэслэл бүхий хариуг холбогдох журмын дагуу хүргүүлж шийдвэрлэх,

4.9.4.Ирсэн хүсэлт бүрийн судалгааг газар дээр очиж судлан холбогдох хууль, дүрэм, журмыг үндэслэн шийдэл гаргаж Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулга бэлтгэх, барилга байгууламжид олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих.

4.9.5.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн материал бүрд бичиг баримтын бүрдүүлэлт хийж, цахим архивын мэдээллийг бүрдүүлэх

4.9.6.Удирдлагаас өгсөн цаг үеийн ажилд идэвхтэй оролцох

4.9.7.Албан хэрэг хөтлөлтийн тайлан хэрэгжилтийг гарган мэдээллэх

4.9.8.Өргөдөл гомдлыг газар дээр нь судалж хуулийн хугацаанд албан бичгээр хаах

4.10. Хэлтэс нь албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэрт нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг санаачлан зохион байгуулах асуудлыг газрын удирдлагад санал болгон шийдвэрлүүлэх замаар хэрэгжүүлнэ.

4.11. Хэлтсийн албан хаагчдын ажлын үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр сар бүр дүгнэж, хагас бүтэн жилээр нэгтгэнэ.

4.12. Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.13. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулж тэмдэглэл хөтөлнө.

------------оОо------------

Манай зочид

1358339
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
442
545
2038
10935
10624
1358339