Захиргаа, санхүүгийн хэлтэс

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Захиргаа, санхүүгийн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага ажлын зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2. Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, Газрын дүрэм, газрын Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт болон холбогдох бусад бодлогын баримт бичгүүд, нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, газрын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн дагуу биелэлтийг нэгтгэн дээд шатны байгууллагад тайлагнах;

2.2.Газрын үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын шаардлагад нийцүүлж, архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөхөд мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах;

2.3.Газрын хөгжлийн асуудал, түүний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн болон хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах;

2.4.Төрийн ажилтан, албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, төрийн ажилтан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах;

2.5.Газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх;

2.6.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэвийн явуулах, сайжруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулна.

ГУРАВ. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Газрын үйл ажиллагаанд холбогдолтой Монгол Улсын хууль, тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдүүлж, биелэлтэд хяналт тавих, холбогдох тогтоол, шийдвэрийн биелэлт, ажлын тайлан, гүйцэтгэлийн дүн, мэдээ, судалгаа зэргийг тогтоосон хугацаанд гаргаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх;

3.2.Газрын даргын тушаалыг хууль зүйн үндэслэлтэй боловсруулан батлуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

3.3.Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцох, дүрмийн дагуу тайлагнах;

3.4.Газрын ажилтан, албан хаагчдын Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт гаргах, нийт ажилтан, албан хаагчийг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллуулах, нэгжийн менежер нь Төсвийн шууд захирагчтай, төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтан, албан хаагчид нь нэгжийн менежертэй Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх ажлыг зохион байгуулах;

3.5.Бүтцийн өөрчлөлт, чиг үүрэг, үйл ажиллагаатай уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг мөрдөж, газрыг мэргэшсэн, тогтвортой, чадварлаг албан хаагчидтай байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх;

3.6.Газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм болон бусад дүрэм, журмыг чанд мөрдүүлэх;

3.7.Төрийн ажилтан, албан хаагчид авлигад автахгүй, үнэнч шудрага байх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд сахих асуудалд хяналт тавих;

3.8.Газрын үйл ажиллагаанд архив, албан хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажиллуулах, иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, албан бичгийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх;

3.9.Газрын батлагдсан төсвийн зарцуулалтыг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн хэвийн явуулах, төлөвлөж зохицуулах, хянах, тайлан тэнцлээр гарсан үр дүнг тайлагнах, өмчийн зөрчил гаргахгүй байх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавьж ажиллах;

3.10.Санхүүжилт, төсвийн гүйцэтгэлийн зарлагын мэдээг сар бүр гаргаж, тайлагнах;

3.11. Ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл ахиулах, ажиллах нөхцөл, баталгаагаар хангуулж, хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, тэдний мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэнд, нийгмийн баталгааг үе шаттайгаар сайжруулах;

3.12.Ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэр, ахуй амьдралд нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, урамшуулахад чиглэгдсэн ажлыг зохион байгуулах;

3.13.Ажилтан, албан хаагчдаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод болгож, тэдний санал, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

3.14.Алба, хэлтсүүдийн чиг, үүргийн хүрээнд бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг улирал бүр дүгнэж, сайн ажлыг сурталчлах, дэмжих, илэрсэн дутагдал, зөрчлийг засах арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтантай зохих хариуцлага тооцох болон урамшуулах саналыг боловсруулж Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Газрын даргад танилцуулах;

3.15.Сургалт, сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

ДӨРӨВ. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч даргын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.ажилтан, албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох ажилтан, албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцана.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна.

4.7.Хэлтсийн ажилтан, албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2.төрийн ажилтан, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3.төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4.ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.5.архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.6.ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

4.7.7.хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтын бүрдлийг бүрэн ханган хадгаламжийн нэгж үүсгэнэ.

4.8.Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.9.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулна.

------------оОо------------

ХАНДАЛТЫН ТОО

1389915
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
278
366
278
12687
15849
1389915

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461