Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн үйлдвэр-1, үйлдвэр-2, үйлдвэр-3 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭЛ:

• Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,

• Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/241 дүгээр захирамж;

• Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай 2014 оны 12-р сарын 24-ны өдөр байгуулсан ерөнхий төлөвлөгөө боловсруулах ЕТ-2014/66, ЕТ-2014/67, ЕТ-2014/68, дугаартай ажлын гэрээ

БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:

Ерөнхий төлөвлөгөө:

“Үйлдвэр-1” нэгж хороолол ЕТ-г “Аркетайп Монголиа” ХХК

“Үйлдвэр-2”, “Үйлдвэр-3” нэгж хорооллын ЕТ-г “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” НӨУҮГ

Туслан гүйцэтгэгч:

“Үйлдвэр-1” нэгж хорооллын ЕТ-ний инженер геологийн судалгааг “Лэнд тест” ХХК, байр зүйн зураглалыг “Инженер геодези” ХХК

“Үйлдвэр-2”, “Үйлдвэр-3” нэгж хорооллын ЕТ-ний инженер геологийн судалгааг “Таван үндэс” ХХК, холбоо мэдээллийг “Мегаватт” ХХК

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ:

“Үйлдвэр-1” нэгж хороолол нь Хан-Уул дүүргийн 2, 3, 15-р хороо, Баянгол дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэрийн нийт 514.0 га талбайг хамарна.

“Үйлдвэр-2” нэгж хороолол нь Хан-Уул дүүргийн 3,4-р хороо, Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрийн нийт 1118,0 га талбайг хамарна.

“Үйлдвэр-3” нэгж хороолол нь Сонгинохайрхан дүүргийн 9, 20-р хорооны нутаг дэвсгэрийн нийт 968,0 га талбайг хамарна.

ОДООГИЙН БАЙДАЛ:

Нийгэм эдийн засгийн байдал:

Хүн ам:

2014 оны байдлаар төлөвлөлтийн Баруун-2 бүсэд Улаанбаатар хотын нийт хүн амын 3,6 хувь 16288 өрхийн 50223 хүн оршин сууж байна. Тус бүсийн хүн амын хамгийн их төвлөрлийг “Үйлдвэр-1” нэгж хороололд 14957 өрхийн 45702 хүн оршин суудаг бол “Үйлдвэр-3” нэгж хороололд хамгийн бага буюу 253 өрхийн 858 хүн тус тус оршин сууж байна.

Эдийн засаг:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсэд нийт 547 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал барилгын материалын үйлдвэрлэл (хөнгөн блок, бетон зуурмаг, төмөр хийц, барилгын бусад материал) эрхэлдэг 188 аж ахуй нэгж 34,4 хувийг эзэлж байгаа бол хөнгөн үйлдвэрлэл (ноос, ноолуур, арьс шир, оёдол, мод боловсруулах, хэвлэл)-ийн чиглэлийн 61 аж ахуй нэгж байгууллага 11,2 хувь, Хүнсний чиглэлийн 127, хүнд үйлдвэрлэл 38, авто машины механизмын засвар худалдаа 39, худалдаа үйлчилгээний чиглэлээр 71 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа тус тус явуулж байгаа бол төрийн 21 байгууллага байна.

Ерөнхий боловсролын сургууль:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсэд ерөнхий боловсролын сургуулийн насны 14019 сурагч оршин суудаг бол үүний 33,3 хувь нь буюу 4670 сурагч тухайн бүсэд байдаг ЕБС-д суралцаж байна. Тодруулбал: Баруун-2 бүсийн хэмжээнд нийт 10 ЕБС үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс “Үйлдвэр-1” нэгж хороололд 38, 73, Гэгээрэл, Оюуны нахиа, Оюуны төв, Саруул ирээдүй, 115, Аварга, Орхон гэсэн 9 ЕБС-д 3870 сурагч суралцаж байгаа бол “Үйлдвэр2” нэгж хороололд 19-р дунд сургуульд 1008 сурагч тус тус суралцаж байна.

Дээрх ерөнхий боловсролын сургуулиуд нь төслийн хүчин чадлаас их хүүхэд суралцуулж байгаа бөгөөд одоогийн байдлын хүн амд ногдох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна.

Харин “Үйлдвэр-3” нэгж хорооллын хувьд суурьшил бага байдагтай холбоотойгоор нус нэгж хороололд ЕБС байдаггүй бөгөөд “Монос” дээд сургууль, “Шинэ Анагаах ухаан” дээд сургуулиудад нийт 1630 оюутан суралцаж байна.

Цэцэрлэг:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсэд цэцэрлэгийн насны нийт 4640 хүүхэд байдаг бөгөөд үүний 44,5 хувь нь буюу 2067 хүүхэд тухайн бүс доторх цэцэрлэгт хамрагдаж байна. Тодруулбал: “Үйлдвэр-1” нэгж хороололд 100, 164, 157, Бүжин, Жаргалан, Мишээл, 27, 41, 137 зэрэг цэцэрлэгт 1584 хүүхэд хамрагдаж байгаа бол “Үйлдвэр-2” нэгж хороололд 66, 34, Алтантүлхүүр цэцэрлэг байгаа бол 47-р цэцэрлэгийн суурин дээр шинэ цэцэрлэг баригдаж байна.

Эрүүл мэндийн байгууллага:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн хэмжээнд нийт 15 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: СХД-ийн Амбулатори-2, Улсын Наркологийн төв эмнэлэг, Бурам мишээл эмнэлэг, Хулж боржигон эмнэлэг, Сэцоно эмнэлэг, Номиун эмнэлэг гэх мэт улсын болон хувийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна.

Орон сууцны хангамж:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн нутаг дэвсгэрт 1961 онд Дулаан дамжуулах ТЭЦ-2 станц, Ус сувгийн ажилчдын орон сууц гэх зэрэг барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар барилгажилтын эхлэл тавигдсан.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн нийт өрхийн 93,7 хувь нь буюу 15273 орон сууцанд, тусдаа тохилог орон сууцанд 173 өрх, гэр сууцанд 5,17 хувь буюу 842 өрх оршин сууж байна. Тодруулбал баруун-2 бүсэд үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагын төвлөрөл их байдагтай холбоотойгоор аж ахуй нэгж байгууллагын хашаанд харуулын үүрэг гүйцэтгэж оршин сууж буй өрх их байна.

Газар ашиглалтын онцлог:

Баруун-2 бүсийн нийт нутаг дэвсгэрийн газар нутгийг хот байгуулалтын тухай хуулийн дагуу бүсчлэлээр ангилж үзвэл 39.6 хувь буюу 1087,2 га талбайд үйлдвэрлэлийн бүс, 23.6 хувь буюу 648,5 га талбайд орон сууц, олон нийтийн бүс, 10.1 хувь буюу 276,6 га талбайд инженерийн шугам сүлжээ болон зам тээврийн бүс багтаж байгаа бол 5.2 хувь буюу 143,9 га талбайг тусгай зориулалтын бүсээр тус тус эзэмшиж байгаа бол үлдсэн 21,5 хувийг бусад үүрэг зориулалтын бүсээр эзэмшиж байна.

“Үйлдвэр-1” нэгж хорооллын газар ашиглалтыг газрын дэд ангиллаар нь авч үзвэл Барилга байгууламжийн газар 22.1%, Суурьшлын бүсийн газар 4.1%, Нийтийн эдэлбэрийн газар 21,6%, Үйлдвэрийн газар 37.2%, Амралт аялал жуулчлалын газар 0.2%, Төмөр замын газар 2.6%, Авто замын газар 1.4%, Шугам сүлжээний газар 9.3%, Усан сан бүхий газар 0.5%, Тусгай зориулалтын газар 1% хувийг тус тус эзэлж байна. Тус хорооллын нийт нутаг дэвсгэрийн 78,4% хувь нь төр болон иргэн аж ахуйн нэгжүүдэд эзэмшил, ашиглалтаар олгогдсон бол үлдсэн 21,6% нь нийтийн эдэлбэрийн газар байна.

“Үйлдвэр-2” нэгж хорооллын газар ашиглалтын эрхийн хэлбэрээр нь авч үзвэл 97,0 хувь нь эзэмших, 3,0 хувь нь өмчлөгдсөн газар байна. Тус нэгж хорооллын газар ашиглалтыг зориулалтаар нь ангилж үзвэл аж ахуйн хашаа, агуулах зориулалтын газар 34,1 хувь буюу 326 нэгж талбар, иргэний ахуйн зориулалтаар 22,7 хувь буюу 217 нэгж талбар, үйлдвэрлэлийн зориулалтаар 17,3 хувь буюу 165 нэгж талбар, 14,9 хувь буюу худалдаа бүх төрлийн үйлчилгээ 142 нэгж талбар, төрийн 0,9 хувь буюу 9 нэгж талбар, хүлэмжийн аж ахуй 1,8 хувь буюу 17 нэгж талбар,төмс хүнсний ногоо, жимсний талбай 8,3 хувь буюу 79 нэгж талбар буюу голлох газар ашиглалтыг тус тус эзэлж байна.

“Үйлдвэр-3” нэгж хорооллын газар ашиглалтыг хот байгуулалтын тухай хуулийн дагуу бүсчлэлээр ангилж үзвэл 38.4 хувь буюу 429,4 га талбайд үйлдвэрийн бүс, 10.5 хувь буюу 117,6 га талбайд орон сууц, олон нийтийн бүс, 10.6 хувь буюу 119,0 га талбайд тусгай зориулалтын бүс, 3.0 хувь буюу инженерийн шугам сүлжээ болон зам тээврийн бүс эзэлж байгаа бол 418,0 га талбайг бусад үүрэг зориулалтын бүсээр эзэмшиж байна.

Инженерийн дэд бүтэц:

Дулаан хангамж: “Үйлдвэр-1” нэгж хорооллын дулаан хангамжийн систем нь төвлөрсөн систем ба эх үүсвэр нь ДЦС-3 аас тэжээгдэнэ. Барилгын дулааны нийлбэр ачаалал-219.28 Гкал/цаг байна. “Үйлдвэр-2” нэгж хороолол нь дулаан хангамжийн төвлөрсөн системийн 9,10,11,13 дугаартай магистрал шугамаас тэжээгддэг. “Үйлдвэр-3” нэгж хороолол нь дулаан хангамжийн төвлөрсөн системийн 9,13-р магистрал шугамуудаар дулааны эрчим хүчээр хангадаг.

Цахилгаан хангамж:

“Үйлдвэр -1” бүсийн 641.5га талбайд ДЦС-3, Өмнөд дэд станц, Эсгийлэх дэд станц, хуваарилах байгууламж РП нийт 5, хаалттай дэд өртөө ХТП нийт 104 байрлаж байна. Мөн тус бүсэд ДЦС-3-аас гарч буй 110кВ-ийн ЦДАШ 6.7км, мөн 35кВ-ын ЦДАШ 9.1км байгаа болно.

“Үйлдвэр-2” нэгж хороололд 110/10/6 кВ-ын “Үйлдвэр” дэд станц, 35/10 кВ-ын “Ган”, “ТЭЦ” дэд станцууд ажиллаж байна. “Үйлдвэр” дэд станцын суурилагдсан хүчин чадал 50 мВт байна. Бүсийн нутаг дэвсгэрт ДЦС-4-Улаанбаатар 220/110/10 кВ-ын дэд станц, ДЦС-4-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын ЦДАШ 7.8 км орчим, ДЦС-4-ДЦС-3, ДЦС-4-110/35/10 кВ-ын Яармаг дэд станц, ДЦС-3-Борнуур, ДЦС-4-110/35/10 кВ-ын “Цэвэрлэх дэд станцыг холбосон 110 кВ-ын ЦДАШ -22.4км, ДЦС-2-ДЦС-3, ДЦС-2-110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станц- Эмээлтийг холбосон 35 кВ-ын ЦДАШ 7.4 км байна.“Үйлдвэр-3” нэгж хорооллын цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийг тэжээж буй дэд өртөөнүүдийг “Цэвэрлэх” дэд станцаас Товчоо, Шунхлай, Тээвэр фидерүүдээр АХ-50 маркийн дамжуулагч бүхий 6-10кВ-ын агаарын шугам, 70-240 кв.мм хөндлөн огтлолтой 6-10кВ-ын кабель шугамаар тус тус тэжээж байна.

Усан хангамж ариутгах татуурга: “Үйлдвэр-1” нэгж хорооллын усан хангамжийн эх үүсвэр нь ТЦ-2 болон ТЦ-4 ийн ойролцоо байх ундны усны эх үүсвэрээс хангагдана. Уг эх үүсвэр (цаашид 1-р өргөлтийн насосны станц гэх) нь төлөвлөж буй бүсээс баруун зүгт байрлах бөгөөд 30.3мян.м3/ хон хүчин чадалтай 16 ширхэг гүний худгуудтай. Хан-Уул дүүргийн 2,3,15–р хороонуудын ус хэрэглэгчид нь ахуйн болон үйлдвэрийн хэрэгцээнд дунджаар Q=15.034мян.м3/хон усыг ашиглаж байна. Баянгол дүүргийн хэсэг дэхь орон сууц, аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүд, төсвийн байгууллагууд нь ахуйн болон үйлдвэрийн хэрэгцээнд дунджаар Q=1747,0 м3/хон төвийн усны шугамыг ашиглаж байна. Үйлдвэрийн бүсийн ус хэрэглэгчдийг У.С.У.Газрын харьяа өргөлтийн 2-р насосны станцаас Ф400 мм-ийн хос болон Ф500 мм ган шугам хоолойгоор дамжуулан усаар хангаж байна.

“Үйлдвэр-2”, “Үйлдвэр-3” нэгж хорооллын усан хангамжийн эх үүсвэр нь 30.0 мун.м3/хоногийн ус олборлох хүчин чадалтай Үйлдвэрийн болон 19.0 мянм3/хоногийн хүчин чадалтай Мах комбинатын эх үүсвэрээс тэжээгддэг. 1,2,4-р цахилгаан станцуудыг усаар хангах зорилгоор барьсан 3 нэмэлт эх үүсвэр нь хотын өмнөд хэсэгт байдаг бөгөөд 76.3 мян м3/хоног нөөцтэй техникийн зориулалтаар ашигладаг байна.

Ариутгах татуурга: “Үйлдвэр-1” нэгж хорооллын төлөвлөлтийн бүсэд байрлах ариутгах татуургын гол шугам сүлжээнүүд нь УСУГ-ын харъяа 200-1400мм-ийн диаметртэй ахуйн болон үйлдвэрийн шугам сүлжээтэй, “Үйлдвэр-2” -ф150-300мм-ийн голчтой шугамаар бохир усны өмнөдийн цуглуулагч коллекторт нийлүүлэгддэг.

“Үйлдвэр-3” нэгж хорооллын ариутгах татуурга нь 168.0мян м3/хоногийн хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламжид холбогдоно.

Холбоо мэдээллийн сүлжээ: “Үйлдвэр-1” нэгж хороололд АТС-34 станцаас Чармагийн хэсэг дэх АТС-37, Нийсхийн MSAN станц, АТС-ийн 68-ын MSAN станц зэрэг станцууд руу татсан станц хоорондын гол магистраль өндөр хурдны шилэн кабелиуд ашигладаг. “Үйлдвэр-2”, “Үйлдвэр-3” нэгж хорооллын мэдээлэл холбооны сүлжээний ашиглалт үйлчилгээ нь хотын сүлжээний газрын АТС-63, 68 станцын хүрээнд 6 ширхэг хуваарилах шүүгээнээс хэрэглэгчийг хангадаг.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д Улаанбаатар хотыг “Байгаль орчинд ээлтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан, оюуны багтаамжтай үйлдвэрлэл үйлчилгээ тэргүүлсэн эдийн засагтай, дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн түвшинд хүрэхүйц Монгол улсын нийслэл хот” болгон хөгжүүлэхээр тусгагдсан.

ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн одоогийн байдлыг иж бүрэн үнэлгээнд тургуулан, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид хотын хөгжил, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлон орон зайн оновчтой байршил зэргийн судлан хот байгуулалтын норм, дүрэмд нийцүүлэн хот байгуулалтын салбар тус бүрээр төлөвлөлтийн шийдлийг боловсруулсан.

Төлөвлөлтийн шийдлийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангасан хот байгуулалтыг дэмжих зорилгоор үйлдвэрүүдийн холбоотой уулзаж санал, зөвлөмжийг авч төлөвлөлтөд тусгасан.

Төлөвлөлтийн шийдлийг боловсруулах зарчим: Үүнд:

· Хүрээлэн буй орчны бохирдол хамгийн бага байлгах нөхцөлийг хангах,

· Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах,

· Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийг үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжсөн үйлдвэрлэлийн парк /зангилаа/ хэлбэрээр хөгжүүлэх

· Одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн газруудын одоогийн байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг аль болох хэвээр хадгалах

· Жижиг дунд үйлдвэрийн технологийн паркийг тусад нь төлөвлөх

· Үйлдвэр, суурьшил, үйлчилгээний холимог бүсийг төлөвлөх

· Үйлдвэрлэлийг үндсэн, туслах, жижиг дунд үйлдвэрлэл гэж гурав ангилан, үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжүүлж хөгжүүлнэ.

· Байгаль орчин бохирдуулагч, дуу чимээ ихтэй, малын түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, дагуул хаяа хотуудад байршуулан бүсийн болон хотын доторх экологийн тэнцвэрт байдлыг хангах,

· Үйлдвэрийн бүсэд ашиглалт султай, аж ахуйн нэгж, ард иргэдийн аж ахуйн хашаа бүхий эдэлбэр газруудыг чөлөөлж дахин төлөвлөж үйлдвэрийн парк, суурьшил болгон хөгжүүлэн ашиглалт, нягтралыг сайжруулна.

· Хөрс, агаар бохирдуулагч, хөрсний эвдрэл үүсгэгч гол эх үүсвэр болох зарим барилгын материалын үйлдвэрүүд, карьерыг хааж, газрыг тэгшилж эрүүлжүүлэн байгаль экологид хор нөлөө багатай үйлдвэрлэл, ногоон байгууламж, суурьшил болгон хөгжүүлнэ.

ХҮН АМЫН ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТ:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн хүн амын хэтийн төлөвийг 2030 оны түвшинд 38485 өрхийн 142070 хүнтэй байхаар тооцов. Тодруулбал “Үйлдвэр-1” нэгж хороололд 22,0 өрхийн 81,7 мянган хүн, “Үйлдвэр-2” нэгж хороололд 11,6 мянган өрхийн 42,1 мянган хүн, “Үйлдвэр-3” нэгж хороололд 4,8 өрхийн 18,3 мянган хүн тус тус суурьшихаар байна.

НИЙГМИЙН ХАНГАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТ:

Төлөвлөлтийн хугацаанд дүүргийн өсөн нэмэгдэх хүн амын нийгмийн үйлчилгээний хангамжийг Хот, тосгоны төлөвлөлт,барилгажилтын норм ба дүрмийн дагуу тооцож одоо байгаа сургууль цэцэрлэг, эмнэлгийг хэвээр ашиглаж төлөвлөлтийн хугацаанд нэмж 8474 сурагчийн 9 сургууль, 7135 хүүхдийн 30 цэцэрлэг, 823 ортой 2-р шатлалын эмнэлэг, 1470 сурагчийн 2 МСҮТөв, спорт цогцолбор, далд усан бассейн, кино театр, музей, номын санг төлөвлөж хүртээмжийн хил хязгаарын хүрээнд шаардагдах газрын хэмжээг байршлын хамт тодорхойлж өгсөн.

ГАЗАР АШИГЛАЛТЫН БҮСЧЛЭЛ:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн нутаг дэвсгэрийн үүрэг зориулалтын бүсчлэл:

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТООЦОО:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсэд төлөвлөлтийн хугацаанд нийт 91505 хүний ажлын байр бий болно гэж тооцов. Тодруулбал “Үйлдвэр-1” нэгж хороололд нийт 34399 хүний ажлын байр, “Үйлдвэр-2” нэгж хороололд 47500 хүний ажлын байр, “Үйлдвэр-3” нэгж хороололд 9606 хүний ажлын байр төлөвлөлтийн хугацаанд бий болно гэж тооцсон.

Ажиллах хүчний тооцоог бүтцээр нь авч үзвэл 49,3 хувийг үйлдвэр, 27.9 хувийг албан контор, 16.5 хувийг худалдаа үйлчилгээ, 4.4 хувийг инженерийн дэд бүтэц, 1.6 хувийг нийгмийн үйлчилгээ, 0.3 хувийг төр захиргааны үйлчилгээний албан хаагчид тус тус эзэлж байна.

ДЭД БҮТЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ:

Дулаан хангамжийн төлөвлөлт:

“Үйлдвэр-1”-ийн дулаан хангамжийн үндсэн шийдэл нь нийт 58.279Гкал/цаг-ийн ачааллыг “ТЭЦ-3” ТӨХК-наас дулаан ба уураар хангах дулааны төвлөрсөн системээр хангана. Нийт эрчим хүчний 3.5%-ыг газрын гүний дулааны технологиор гаргаж байна.

“Үйлдвэр-2” хороолол, “Үйлдвэр-3” хороололд ерөнхий төлөвлөлтөөр нийт дулааны ачаалал 281,46 Гкал/цаг ачаалал нэмэгдэхээр тооцоологдсон. Тус нэгж хорооллыг хангах дулаан эх үүсвэрийн 3 хувилбараар тооцсон.

Усан хангамжийн төлөвлөлт:

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн усан хангамжийн төвлөрсөн системийн эх үүсвэр нь Улаанбаатар хотын усан хангамжийн төвлөрсөн системээс хангагдана. “Үйлдвэр-1” нэгж хорооллын үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээнд 4724м3/хон ус хэрэглэх бөгөөд давтан хэрэглэгдэх, эргэлтийн системтэй байх ба технологийн хэрэгцээний усны 50%-ийг эргүүлэн ашиглана. “Үйлдвэр-2”, “Үйлдвэр-3” нэгж хорооллын үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээний ус нь давтан хэрэглэгдэх, эргэлтийн системтэй байх ба технологийн хэрэгцээний усны 50 хувь буюу хоногт 6800м3 усыг эргүүлэн ашиглана. Усан хангамжийн эх үүсвэрт одоо ашиглаж байгаа мах болон үйлдвэрийн эх үүсвэр хүрэлцэхгүй тул гүний болон гадаргын цэвэр усан хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох, Улаанбаатар хотын ундны цэвэр усны 5-дахь эх үүсвэр баригдаж Туул гол дээр далан хаалт барин урсцын тохируулга хийсэн нөхцөлд тусад нь цэвэр усны шинэ шугам татаж тус хорооллыг ундны цэвэр усаар хангахаар төлөвлөсөн.

Ариутгах татуургын төлөвлөлт:

“Үйлдвэр-1” хорооллын ахуйн бохир ус нь 4724м3/хоног бөгөөд саарал усны технологи ашиглана. Технологийн хэрэгцээний бохир усны зардал нь 947.0м3/хон бөгөөд үйлдвэрээс гарах бохир ус нь үйлдвэрийн талбайд цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгдсэн ус нь ф150-300мм-ийн хоолойгоор дамжин 1400мм-ийн өмнөдийн болон Туул-1 коллекторт орно.

“Үйлдвэр-2” хорооллын технологийн хэрэгцээний бохир óñны зардал төлөвлөлтийн хугацаанд Q=2123.0м3/хон байна. Үйлдвэр болгон өөр өөрийн онцлогоосоо шалтгаалан урьдчилсан цэвэрлэгээ хийх ба үйлдвэрээс гарах бохир ус нь үйлдвэрийн талбайд цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгдсэн ус нь Ф150 - 300 мм-ийн голчтой хуванцар хоолойгоор дамжин өөрийн урсгалаар урсан хотын 1400 мм-ийн голчтой өмнөдийн болон Туул-1 коллекторт орно.

“Үйлдвэр-3” хорооллоос гадагшлах ахуйн бохир ус нь 4849.1м3/хоног байна. Технологийн хэрэгцээний бохир усны зардал 2743.3 м3/хон. Цэвэрлэгдсэн ус нь ф150-300мм-ийн голчтой хоолойгоор дамжин 1400мм-ийн голчтой өмнөдийн болон Туул-1 коллекторт орно.

Цахилгаан хангамжийн төлөвлөлт:

“Үйлдвэр-1” нэгж хорооллын ТЭЦ-3-аас 35кВ-ын Эсгийлэх АБ ЦДАШ, ТЭЦ-3-аас 35кВ-ын 4 зам АБ шугамууд орсон байгаа бөгөөд тус шугамууд шинэ төлөвлөлтийн замтай давхцах хэсгийг зөөж байршуулна. Одоо байгаа 80мВт ачаалал дээр 40 мВт ачаалал нэмэгдэж 120мВт цахилгааны ачаалалтай бөгөөд 110/10кВ, 2х25мВА дэд станц-1ш, РП-5ш, ХТП 2х1000кВА-2ш, 2х630кВА-8ш, 2х400кВА-6ш, нийт 31ш ХТП төлөвлөнө.

“Үйлдвэр-2” бүсэд одоо байгаа 110/10/6 кВ-ын “Үйлдвэр” дэд станцаас тэжээхээс гадна эхний ээлжид “Ирээдүй” хорооллын орчимд 35/10 кВ-ын дэд станц шинээр барихаар төлөвлөв. Уг дэд станцын суурилагдсан хүчин чадал 32 мВА байхаар тооцсон болно. Дэд станцыг “Үйлдвэр” дэд станцын РУ-35 талаас АС-70/11 маркийн дамжуулагч бүхий 1.5 км хос агаарын шугамаар тэжээнэ. Шинээр барих дэд өртөөнүүдийг эх үүсвэрүүдээс РП-10 кВ хуваарилах байгууламжаар дамжуулан 92км хос кабель шугамаар тэжээнэ.

“Үйлдвэр-3” бүсэд одоо байгаа 35_110 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцууд болон “ПРП-Толгойт” 110/35/10 кВ-ын дэд станцаас тэжээхээр төлөвлөв. Мөн 35/10 кВ-ын 2 дэд станц шинээр барина. Төлөвлөлтөөр 10кВ-ын РП-10ком, ХТП-93 шир, 133 км кабель шугам төлөвлөсөн байна.

Мэдээлэл холбоо сүлжээ төлөвлөлт:

“Үйлдвэр-1” нэгж хороололд мэдээлэл шуудан холбооны үйлчилгээний нэгдсэн төв байрыг байгуулж суурин холбооны NGN технологийн 10000 дугаарын MSAN станц байрлуулж, одоо байгаа холбооны дэд бүтцийн суурь сүлжээтэй холбон өгч 10км урттай гол шугамын сүлжээг байгуулан, бага оврын тоон станц 6ш-ийг суурилуулж, 20км урт шилэн кабелиар холбоно. “Үйлдвэр-2” бүсэд Төлөвлөлтийн хамрах хүрээнд ЭАТС 63, 68 станцуудаас одоо байгаа хуваарилах шүүгээ хүртэл янданг одоо байгаа сувагчлал дээр нэмж өргөтгөн 8 яндантай болгох ба суурь сүлжээ байгуулах нөхцөлийг хангах, худаг хоорондын зайг 120 метрээс хэтрэхгүй байхаар төлөвлөсөн. “Үйлдвэр-3 бүсэд АТС-63 станцтай гол сувагчлалаар холбогдоно, төлөвлөгдсөн авто зам дагуу суурь сүлжээнд 2,4,6 яндантай сувагчлал байгуулан нийт 19.92км урт худаг сувагчлал байгуулахаар төлөвлөсөн болно.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн үйлдвэрийн нэгж хорооллыг хөгжүүлэх чиглэл:

“Үйлдвэр-1” Хүнс, хөнгөн үйлдвэрийг кластерийн зарчмаар хөгжүүлнэ.

Орон сууцны хороолол болон суурьшлын бүсэд сөрөг нөлөө багатай хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл болон инкубатор төв байна.

“Үйлдвэр-2” Хөнгөн үйлдвэр, дунд болон томоохон үйлдвэрлэл

• Хотын инженерийн хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

• Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл;

• Электрон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

• Цаас болон цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл;

• Сав баглаа боодлын үйлдвэрлэл;

• Хэвлэлийн үйлдвэрлэл,Тавилгын үйлдвэрлэл;

• Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

• Саван, ариутгагч бодис, цэвэрлэгээний болон өнгөлгөөний бэлдмэлүүд, сүрчиг ба ариун цэврийн өрөөний бэлдмэл үйлдвэрлэл;

• Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /хүлэмж/;

“Үйлдвэр-3” Хүнд чанарын үйлдвэрлэл дунд болон томоохон үйлдвэрлэл

• Хотын инженерийн хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

• Хотын доторх тээвэр логистикийн төв, агуулах

• Барилгын материалын үйлдвэрлэл /бетон зуурмаг, хөөсөнцөр/;

• Ган, төмөр хийцийн үйлдвэрлэл;

• Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл;

• Хуванцар, резин эдлэл, сав баглаа боодол үйлдвэрлэл;

• Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн “Ү-1”, “Ү-2”, “Ү-3” нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгж хороолол тус бүрээр гаргасан бөгөөд хөрөнгө оруулалтад нийт 5,8 ихнаяд төгрөг шаардлагатай байна.

ХАНДАЛТЫН ТОО

1389839
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
202
366
202
12611
15849
1389839

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461