Баянгол дүүргийн орон сууцны 2, 3 дугаар нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө

ҮНДЭСЛЭЛ:

- Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “ Улаан баатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”,

- Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/241 дүгээр захирамж,

- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай 2014 оны 12-р сарын 25-ны өдөр байгуулсан ерөнхий төлөвлөгөө боловсруулах ЕТ-2014/70 дугаартай ажлын гэрээ

БОЛОВСРУУЛСАН БАЙГУУЛЛАГА:

Ерөнхий төлөвлөгөө: “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК

Туслан гүйцэтгэгч: ЕТ-ний инженер геологийг “Орхон гидро гео” ХХК

ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ:

Зургийн даалгавраар ерөнхий төлөвлөгөө боловсруулах талбай нь Баянгол дүүргийн орон сууцны 2, 3 дугаар хороолол буюу 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан. Төлөвлөлтийн хязгаар нь хойд талаараа Москвагийн гудамж, Ард Аюушийн өргөн чөлөө, зүүн талаараа Амарсанаагийн гудамж, урд талаараа Товчооны зам /төмөр зам/-ын хүрээнд 444.4 га талбай хамаарагдаж байна.Үүнээс төлөвлөлтийн нэгж хорооллыг тойрсон төмөр зам, авто замын сүлжээг хамруулан нэмэлт 82.0 га байгаа бөгөөд нийт 526.4 га талбай юм.

ОДООГИЙН БАЙДАЛ:

Нийгэм эдийн засгийн байдал

Хүн ам: төлөвлөлтийн хилд хамрагдаж буй 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20-р хороонд 32,888 өрхийн 123,630 хүн оршин сууж байна. Энэ нь Баянгол дүүргийн нийт хүн амын 59.1 хувь юм.

Эдийн засаг: Орон сууцны 2, 3 дугаар нэгж хорооллын нутаг дэвсгэрт нийт 5728 гаруй ААНБ үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч: Ажиллагчдыг насны бүлгийн үзүүлэлтийг харахад 40-44 насны иргэд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Ажилгүй иргэдийн насны бүлгийн үзүүлэлтийг харахад 20-24 эрэгтэй ажилгүй иргэн, 35-39 насны эмэгтэй ажилгүй иргэн өндөр үзүүлэлттэй байна.

Нийгмийн хангамж

Сургууль: 2-р нэгж хорооллын түвшинд ЕБ-ын 5 сургууль байна. 4256 сурагчийн хүчин чадалтай боловч 5081 сурагч суралцаж байна. 3-р нэгж хорооллын түвшинд ЕБ-ын 12 сургууль байна. 13586 сурагчийн хүчин чадалтай боловч 17851 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэг: Төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хэвшлийн 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба төрийн өмчийн 31 цэцэрлэгийн 297 бүлэгт 12879 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. 2-р нэгж хорооллын түвшинд 3, 4, 20-р хороонд 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 715 хүүхдийн хүчин чадалтай боловч 1416 хүүхэд СӨБ-д хамрагдаж байна. 3-р нэгж хорооллын түвшинд 5, 6, 7, 8, 18, 19-р хороонд тус тус 15 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт 3820 хүүхдийн хүчин чадалтай боловч 6497 хүүхэд хамрагдаж байна.

Эмнэлэг: БГД-ийн Нэгдсэн эмнэлэг нь 42 ор, мэдрэлийн 18 ор ашиглагдаж, эрчимт эмчилгээ, хүлээн авах тусгаарлах өрөө, эмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 2-р нэгж хорооллын түвшинд 5 өрхийн эмнэлэг хороо тус бүрт эмнэлэгийн анхан шатны үйл ажиллагаа үзүүлж байна. 3-р нэгж хорооллын түвшинд 8 өрхийн эмнэлэг хороо тус бүрт үйл ажиллагаа үзүүлж байна.

Орон сууцны хангамж

Орон сууцны 2, 3-р нэгж хорооллын нутаг дэвсгэрт 1950, 1960, 1970-аад онуудад баригдсан орон сууцны барилга ихэвчлэн байдаг ба 2015 оны байдлаар 32318 өрхийн 121468 хүн ам орон сууцанд оршин сууж байна. Суурьшлын бүсийн нягтрал 180 хүн/га. Нэг хүнд ногдох сууцны талбай нь 14 м2. Орон сууцны дундаж давхар нь 7 давхар.

Газар олголтын байдал: Төлөвлөлтийн хилд нийт 3848 нэгж талбарыг, 15 төрлийн зориулалтаар газар ашиглаж байна. Үүнээс хамгийн их талбай эзэлж байгаа худалдаа бүх төрлийн үйлчилгээ 88.8 га, хамгийн бага нь холбоо, эрчим хүч, шугам сүлжээний зориулалтаар 0.03 га талбайг хамарч байна. 2-р нэгж хорооллын 274.1 га, 3-р нэгж хорооллын 252.5 га буюу нийт төлөвлөлтийн хилийн 526.6 га газрын 306.3 га талбайд кадастр хийгдсэн байна.

Дэд бүтэц

Дулаан хангамж:

Төлөвлөлтийн хязгаарт хамрагдах 2, 3-р нэгж хорооллын нутаг дэвсгэр нь Улаанбаатар Баруун-1 бүсэд хамрагдаж байгаа. Төлөвлөлтийн хэсгүүдийн инженерийн дэд бүтцийн үнэлгээгээр “Хязгаарлагдмал тохиромжтой”-3 баллын үнэлгээтэй бүс нутагт орсон. Одоогийн байдлын судалгаагаар төлөвлөлтийн хил доторх 2 болон 3-р хорооллын хэрэглэгчдийн дулааны эх үүсвэр нь ДЦС-3 болон ДЦС-4 ба төлөвлөлтийн бүсээр дамжин өнгөрөх Ф300-Ф1000 мм голчтой 18,3 км орчим 7, 8, 11-р төв магистраль шугамаар дамжуулан их бага хүчин чадлын 47 дулаан хуваарилах төвүүдээр дулааны хэрэглээг өгч байна. Тухайн төлөвлөлтийн хэсэгт хүн ам, орон сууц шигүү төвлөрсөн, судалгаагаар авсан тоогоор нийт ачаалал 204.82 Гкал/цаг байна.

Усан хангамж:

2, 3-р нэгж хорооллын төлөвлөлтийн хязгаарт байгаа орон сууц, ААН байгууллагууд нийтдээ 22.8 мян.м3/хон ус хэрэглэж байна. Одоо байгаа хэрэглэгчид Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон.

Ариутгах татуурга:

Төлөвлөлтийн хязгаарын нутаг дэвсгэрээр Улаанбаатар хотын ариутгах татуургын ф200-ф1400 диаметр бүхий 24.2 км шугам дамжин өнгөрч төлөвлөлтийн бүс дэх 2, 3-р нэгж хорооллын унд, ахуйн хэрэгцээний бохир ус дээрх төв шугамд холбогдон дүүргийн хэмжээгээр ахуйн болон үйлдвэрийн бохир усыг Төв цэвэрлэх байгууламж цэвэрлэдэг. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 230.0мян.м3 бохир ус цэвэрлэх төслийн хүчин чадалтай. Одоо хоногт дунджаар 152.0-155.0 мян.м3 бохир ус татан зайлуулж цэвэрлэдэг ба үүнээс 125.0 мян м3/хоног ахуйн бохир ус цэвэрлэгдэж байна. Эндээс 2, 3-р нэгж хорооллын хэрэглэгчдээс гарах бохир усны хэмжээ ойролцоогоор 25.0 мян м3/хон байна.

Цахилгаан хангамж:

Одоогийн байдлаар Улаанбаатар хот нь дулаан, цахилгааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэдэг ДЦС-2, ДЦС-3ХК, ДЦС-4ХК-д боловсруулсан дулаан цахилгаан эрчим хүчээр 6000 гаруй барилга объектыг тасралтгүй найдвартай хангадаг. “ДЦС-2” ТӨХК нь цагт 21,5 мВт цахилгаан эрчим хүч,үйлдвэрлэж, жилд 100 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хотын нэгээхэн хэсгийг дулаан цахилгаанаар хангаж байна.

Мэдээлэл холбоо сүлжээний хангамж:

Ерөнхий төлөвлөгөөнд хамрагдсан 2, 3-р нэгж хорооллын нутаг дэвсгэрт одоо байгаа худаг сувагчлалын байгууламж нь Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ний ЭАТС-36 станц болон ЭАТС-68 станц, Төмөр замын Дохиолол холбооны 2-р ангийн харъяа станцуудын хүрээнд хамрагдаж байна. Төлөвлөлтийн бүс нь орон сууцны хороолол зонхилсон байгаа тул гол болон салбар кабелийг худаг сувагчлалын байгууламжаар дамжуулан татсан байна. Мөн ЭАТС-36 станц болон ЭАТС-68 станцын гол болон салбар кабель, худаг сувагчлалын байгууламж, хуваарилах шүүгээнүүд нь 1998 онд МОН-1300 төслийн хүрээнд тухайн үеийн хотын хүн ам өрхийн нягтралыг тооцон суурилуулагдсанаас хойш өргөтгөл шинэчлэлт хийгдээгүй байгаа тул сүлжээний хамрах хүрээ хүртээмж хангалтгүй хязгаарлагдмал байна. Одоогийн байдлаар ЭАТС-36 станц нь 10500 хэрэглэгч, 15600 хосын гол кабель 21260 хосын салбар кабелийн хүчин чадалтай, ЭАТС-68 станц нь 10200 хэрэглэгч, 13300 хосын гол кабель, 20500 хосын салбар кабелийн хүчин чадалтай суурилуулагдсан.

ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ:

АРХИТЕКТУР ОРОН ЗАЙ:

Орон сууцны 2 дугаар нэгж хороолол: Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам дагуу Улаанбаатар өртөө орчмын хуучин барилгыг дахин барилгажуулах хэсэг нь хотын хөгжлийн тэнхлэг болж байна. Тус бүс нь галт тэргээр ирж очиж буй олон улсын болон дотоодын зорчигчид байрладаг зочид буудлуудын бүс болон хөгжиж байна. Иймээс уг байршилд аялал жуулчлалд зориулсан өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлууд, худалдааны төвүүд, банк санхүүгийн байгууллагууд, орон сууцнууд байхаар төлөвлөсөн. Уг хэсэгт өндөр барилгууд байхын зэрэгцээ одоо байгаа барилгуудын үзэгдэх орчин, архитектур орон зай, нарны ээвэрлэлтийн шаардлагад нийцүүлэн нам давхрын барилгууд төлөвлөсөн. Гурвалжингийн гүүрнээс төлөвлөлтийн хязгаар хүртэл голчлон үйлдвэрийн газрууд байсныг шинэчлэн төлөвлөж орон сууц, олон нийт, худалдаа үйлчилгээний бүс болгон хөгжүүлж байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух худалдаа үйлчилгээний барилгуудыг төлөвлөлтөнд хадгалж үлдсэн ба улаан шугам давж баригдсан болон чанар муу агуулахын барилгуудыг шинэчлэн худалдааны болон олон нийтийн барилгууд байхаар тусгасан.

Орон сууцны 3 дугаар нэгж хороолол: Уг хороолол нь худалдаа үйлчилгээ, орон сууцны хороолол зонхилсон бүс болно гэж тусгасны дагуу төлөвлөлтөө хийсэн. Хорооллын ногоон байгууламж амрах талбай хүрэлцээ муу байдаг учир үерийн далангийн зурвас газрыг иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж, спорт талбай болгож хөгжүүлнэ. Одоо байгаа УБ палас үзвэр үйлчилгээний газар нь санал дэвшүүлсний үүднээс дахин төлөвлөж орчин үеийн төрөл бүрийн үйлчилгээтэй энтертэйнмент төв болгож хөгжүүлнэ. Орон сууцны дундах нарийн замуудыг өргөтгөж, мухар замуудыг нээн холбон замын ачааллыг бууруулна. Авто замын улаан шугамыг баримтлан орц замуудыг нээж өгөх, галын гарц замууд шинээр төлөвлөж өгсөнөөр зорчих хөдөлгөөний нэвтрэх чанарыг сайжруулсан. Мөн Монгол улсын аялал жуулчны бодлогод нийцүүлэн хотын чанартай худалдаа үйлчилгээний төв, олон улсын зэрэглэлийн 24 давхар зочид буудал, соёл, спортын цогцолбор, олон улсын стандарт хангасан кино театр соёл, спорт, тоглоом амралт зугаалгын бичил орчинг бүрдүүлэх зорилго нь төлөвлөлтийн гол шийдэл юм.

ХҮН АМЫН ХЭТИЙН ТӨЛӨВ:

Орон сууцны 2, 3 нэгж дугаар хорооллын хүн амын хэтийн тооцоог гаргахдаа “Улаанбаатар хотын 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д заасны дагуу

· 2020 оны түвшинд орон сууцны 2-р нэгж хороолол нь 14.7 мянган өрхийн 54.4 мянган хүн ам, орон сууцны 3-р нэгж хороолол нь 17.8 мянган өрхийг 65.9 мянган хүн ам,

· 2030 оны түвшинд орон сууцны 2-р нэгж хороолол нь 12.7 мянган өрхийн 45.7 мянган хүн ам, орон сууцны 3-р нэгж хороолол нь 17.5 мянган өрхийн 63.0 мянган хүнамтай байхаар төлөвлөсний дагуу хүн амыг тооцож гаргав.

2-р нэгж хорооллын түвшинд 2015 оны байдлаар нийт 11733 өрх 43715 хүн амьдарч байна. 2020 онд өрх 25%-иар, хүн ам 24% өсч, 2030 онд өрх 14%-иар, хүн ам 16%-иар буурах төлөвлөгөөтэй байна.

3-р хорооллын түвшинд 2015 оны байдлаар нийт 21155 өрх 79,915 хүн амьдарч байна. 2020 онд өрх 16%-иар, хүн ам 17.5%-иар буурч. 2030 онд өрх 4.3%-иар, хүн ам 4.4% буурах төлөвлөгөөтэй байна.

 

ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЦЭЭ:

Орон сууцны 2, 3-р нэгж хорооллын орон сууцны хангамжийн хувьд хангалттай байгаа бөгөөд 2020 оны түвшинд нийт өрх 1.2%-иар хүн ам 3%-иар өсч, төлөвлөлтийн хугацаа буюу 2030 он түвшинд өрх 7.6%-иар, хүн ам 4.4%-иар буурах төлөвлөгөөтэй байна. Төлөвлөлтийн хугацаанд хүн ам буурснаар орон сууцны хүртээмж илүү гарах бөгөөд ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлээр 2, 3-р нэгж хороолол нь олон улсын хүн тээврийн нэдсэн төв болно гэж үзсэний дагуу илүү гарсан орон сууцны зориулалтыг өөрчлөн зочид буудал, түрээсийн байр, түр суурьшуулах байр болгоно гэж тооцоолсон.

 

НИЙГМИЙН ХАНГАМЖ:

Сургууль 2-р нэгж хорооллын түвшинд 2015 оны байдлаар 4256 хүүхдийн хүчин чадалтай 5 улсын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 5081 сурагч суралцаж байгаа бөгөөд 19%-ийн ачаалалтай ажиллаж байна. 2030 онд хүн ам өсөхтэй холбогдуулан нэмж 4944 хүүхдийн сургууль нэмж төлөвлөх шаардлагатай.

Цэцэрлэг Улсын цэцэрлэгийн хувьд 2015 оны байдлаар нийт 98%-ийн ачаалалтай 715 хүүхдийн хүчин чадалтай 4 улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2030 онд хүн ам өсөхтэй холбогдуулан нийт 3185 хүүхдийн цэцэрлэг нэмж төлөвлөх шаардлагатай.

Эмнэлэг Баянгол дүүрэгт 2-р хороонд 1530 хүн үзэх хүчин чадалтай эмчилгээ оношилгооны төв үйл ажиллагаа явуулж байна. 2030 хүн ам 4%-р өсч байгаатай холбогдуулан 70 үзлэг өдрөөр нэмэх шаардлагатай байна.

 

ГАЗАР АШИГЛАЛТЫН БҮСЧЛЭЛ:

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын “нутаг дэвсгэрийн бүсчлэл”-ийн төлөвлөлтөд тусгагдсанаар орон сууцны энэхүү хороолол нь “орон сууц, олон нийтийн зориулалтын бүс” бүхий нутаг дэвсгэр байна.

2, 3-р нэгж хороолол нь Улаанбаатар хотын өндөр нягтралтай газруудын нэг бөгөөд газар ашиглалтыг сайжруулах, хорооллын хүн амын нягтралыг бууруулах нэн шаардлагатай. Хуучин гараж болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, сургууль, цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны хотхонуудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хороолол доторх замуудын нэвтрэлтийг сайжруулж, саад болж буй газруудыг төлөвлөлтийн хугацаанд чөлөөлөх ажлуудыг гүйцэтгэнэ.

ДЭД БҮТЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ:

Авто замын төлөвлөлт

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг үндэслэж авто замын трасс сонголтыг хийв. Хорооллын дундуур нэвт гарсан замын сүлжээ муу, хэт нарийн, зам товчлох боломжгүй зэрэг нөхцлөөс үүдэн гол болон хорооллын доторх замууд дээр түгжрэл үүсдэг учраас орон сууцны хороолол дундуур нэвт гаран явж болохуйц зам орц, гарцуудыг нэмж замыг өргөтгөж төлөвлөлсөн.

 

Дулаан хангамжийн төлөвлөлт

Эх үүсвэрийн төлөвлөлтийн шийдэл: Тухайн бүсийн хязгаарт шинээр эх үүсвэр барих боломж байхгүй. Иймээс хорооллуудыг дулаанаар хангахаар дулааны эх үүсвэрийг дараах хувилбараар шийдэх боломжтой юм. а/ Шинэ эх үүсвэрт хэрэглэгчийг холбох: Үйлдвэр-2 болон 3 төлөвлөлт ачааллыг нэгтгэн "Үйлдвэр-3" бүсэд 300 Гкал/цаг хэрэглээг дулааны станц барьж шийдэх б/ Хэрэв шинэ эх үүсвэр баригдахгүй нөхцөлд Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж байгаа ДЦС-уудыг өргөтгөн шинэчилж хорооллын бүс дэх шинэ төлөвлөлтийг дулаанаар хангах Шугам сүлжээний төлөвлөлт: Одоогийн байдлаар 11 болон 7 магистрал ханасан чадлаараа ажиллаж байгаа бөгөөд шинэ хэрэглэгч холбох боломжгүй. Иймд төлөвлөлтийн хязгаар дахь шинэ хэрэглэгчийг дулааны эх үүсвэрээс найдвартай хангах үүднээс шинээр /Ф600 болон Ф350/ гол шугамын трассыг татаж хэрэглэгчидийг дулаанд холбох шийдлийг тусгав. I үе шат /2015-2020/: Нийт хорооллын хэмжээнд буулгах барилгын дулааны ачаалал 8.56 Гкал/цаг бөгөөд эхний ээлжийн шинээр төлөвлөгдөх барилгын дулааны ачаалал тооцоогоор 50.84 Гкал/цаг нэмэгдэнэ. Ингэснээр одоо байгаа дулааны ачаалал 255.66 Гкал/цаг болно. Мөн түүнчлэн Эрин хороолол, Хархорин хороолол, Материал Импексийн орон сууцны хорооллын ачаалал нэмэгдэнэ. Эхний ээлжийн барилгыг хангахад 4 ширхэг ДХТөв төлөвлөж өгсөн. II үе шат /2020-2030/: Хөгжлийн хэтийн төлөвлөлтийн үед 4 шинэ ДХТөв нэмж барих дулааны ачаалал нь 50.29 Гкал/цаг нэмэгдэнэ. Ингэснээр шугам сүлжээний ачаалал 2, 3-р нэгж хороололд нийт хэрэглээ нь 305.96 Гкал/цаг болон өсөх юм. Төлөвлөлтөөр нийт 101,14 Гкал/цаг дулааны хэрэглээ нэмэгдэнэ. Төлөвлөлтийн хугацаан дахь дулаан хангамжийн нийт шугам сүлжээний хөрөнгө оруулалт 11.2 тэрбум төгрөг шаардлагатай.

 

Усан хангамжийн төлөвлөлт

Төлөвлөж буй барилга байгууламжийн усан хангамжийн хэрэглээг оршин суугчдаар нь төлөвлөлтийн үе шатуудад 200 л/хон байхаар тооцож 2020 он хүртэл барилгажилтаар 2-р нэгж хороололд 10816.21 м3/хон, 3-р нэгж хороололд 14231.13 м3/хон цэвэр ус хэрэглэнэ. Төлөвлөлтөөр нийт ус хэрэглээ 25047.34 м3/хон 2, 3-р нэгж хорооллын усан хангамжийн төлөвлөлтөд шинээр Ф50-Ф350 голч бүхий 11.5 км гол шугам төлөвлөнө. Төлөвлөлтийн хугацаан дахь ус хангамжийн нийт шугам сүлжээний хөрөнгө оруулалт 2.45 тэрбум төгрөг шаардлагатай.

 

Ариутгах татуургын төлөвлөлт

Ариутгах татуургын төлөвлөлтөд шинээр Ф100-ф1000 голч бүхий 6.2 км шугам хоолойг угсран хэрэгжүүлэхээр төсөллөв. Мөн улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр баригдах шинэ гэмтлийн коллекторнь Ард Аюушын өргөн чөлөөг сэтлэх болон 3, 4-р хороолол руу өгсөх замын голоор хийгдэх 1.1 км 600мм бохир усны шугам сүлжээ төлөвлөгдсөн. Мөн төлөвлөгдөж байгаа Гурвалжин дэд төвийн барилга байгууламжийн доогуур байрлах шинэ ф1200мм-ийн 400м бохир усны шугам сүлжээг төв замын дагуу нүүлгэн шилжүүлнэ. Тухайн шугамыг нүүлгэхэд урьдчилсан тооцоогоор 6 метрийн зөрүү гарч байгаа нь хүндрэлтэй бус гэж үзэж байгаа учраас төлөвлөлтийн хугацаа буюу 2030 оноос хойш хэрэгжүүлнэ. 2-р нэгж хорооллын №55, 37, 33, 20-р барилгын доогуур бохир усны одоо байгаа шугам сүлжээг барилгын зоориор төлөвлөх, шаардлагатай шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Тухайн шугамыг нүүлгэн шилжүүлэх хөрөнгийг тухайн байршилд баригдах барилгын компани хариуцна. Төлөвлөлтийн хугацаан дахь ариутгах татуургын нийт шугам сүлжээний хөрөнгө оруулалт 3.1 тэрбум төгрөг шаардлагатай.

 

Цахилгаан хангамжийн төлөвлөлт

Төлөвлөж буй 2, 3-р нэгж хорооллын 444 га /+82/ га газар нутагт орон сууц/дулаан зогсоолтой/-ны олон нийт, соёл ахуйн үйлчилгээний барилга байгууламжууд нь цахилгаан хангамжийн найдваржилтийн II зэргийн цахилгаан хэрэглэгчид болох учраас дэд өртөөнүүдийг 2 трансформатортой байхаар төлөвлөв. Ерөнхий төлөвлөгөөгөөр 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10/0,4 кВ-ын дэд өртөөнүүдийн байршил, дэд өртөөнүүдийг холбосон 10 кВ-ын кабель шугамын трассыг төлөвлөж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тооцов. Тус хорооллын цахилгаан ачааллыг бүрэн чадал 41060 кВА байхаар тооцоолж, эхний ээлжинд 2020 он хүртэл 21011 кВА цахилгаан эрчим хүч шаардагдаж байна. цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 110/35/10 кВ-ын шинэ дэд станцаас барихаар төлөвлөж түүнээс 10 кВ-ын хуваарилах байгууламж /РП/ тэжээх, РП-ээс 10/0,4 кВ-ын дэд станцуудыг кольцо схемээр тэжээхээр төлөвлөв. Дэд станцуудыг чадлын үеийн ачаалал тооцож 10/0.4кВ-ын 2х400, 2x1000, 4x1000кВА-ын хаалттай дэд станц байхаар төлөвлөв. Орон сууцны 2, 3-р нэгж хорооллын бүсэд 10кВ-ын хуваарилах байгууламж 8-г 10/0.4кВ-ын хүчдэлтэй 4*1000кВА-1ш, 2*1000кВА-8ш, 2*400кВА-67ш нийт 76 дэд өртөөтэй байхаар төлөвлөв. 10кВ-ын хуваарилах байгууламжийн тэжээлийн кабель нь 3*240 кв.мм хөндлөн огтлолтой, 10кВ-ын дэд өртөөнүүдийн цахилгаан тэжээлийн кабелийг 3*240 кв.мм хөндлөн огтлолтой кабельтай байхаар уг төсөлд тусгалаа. Төлөвлөлтийн хугацаанд 12.2 тэрбум төгрөг шаардлагатай.

 

Мэдээлэл холбоо сүлжээ төлөвлөлт

Ерөнхий төлөвлөгөөнд зөвхөн электрон станц, станцаас хуваарилах шүүгээ, физик кабель төлөвлөх нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ шаардлага, мэдээлэл холбооны хэтийн төлөвлөлт, хөгжлийн хурд зорилтыг хангахгүй учраас нэгдмэл сүлжээ байгуулах нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Ерөнхий төлөвлөгөөнд мэдээлэл харилцаа холбооны сүлжээг суурь сүлжээ, түгээх сүлжээ, хэрэглэгчийн сүлжээ гэсэн ангиллаар суурилуулахаар төлөвлөв. Тус төлөвлөлтөнд суурь сүлжээг байгуулах, цагирган сүлжээ үүсгэх нөхцлийг хангах, нэгдмэл сүлжээ байгуулах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөлтийг хийж гүйцэтгэлээ. ЭАТС-36 станцын хүрээнд байгаа 1200 хосын багтаамжтай СС665, 2000 хосын багтаамжтай ССС663 Хуваарилах шүүгээнүүд, гол салбар сувагчлалын байгууламжууд нь шинээр төлөвлөж байгаа барилгын талбайд орсон байгаа тул шилжүүлэх шаардлагатай. Нийт төлөвлөлтөөр 3.33 тэрбум төгрөг шаардлагатай. ЭАТС 36 станцын 662 ХШ-ний хүрээний S-C 44-2-1 худгаас S-C 44-2-3 худаг хүртэлх 1 яндантай сувагчлалыг 110 мм-ийн 9 яндантай сувагчлалаар өргөтгөх, 665 ХШ-ний хүрээний P-C 36-1 худгаас 663 ХШ-ний P-C 2-10 худаг хүртэлх төв зам дагуух 6 яндантай сувагчлалыг 110 мм-ийн 6 яндантай сувагчлалаар тус тус өргөтгөхөөр төлөвлөв.

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

Орон сууцны 2, 3-р нэгж хорооллын хуучин барилгыг буулгах шинэчлэн барилгажуулах судалгаа техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын ерөнхий төлөвлөгөөний бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 384.9 тэрбум төгрөг шаардлагатай байна. /Энэхүү томсгосон хөрөнгө оруулалтын тооцоонд инфляцийн хүчин зүйлийн индекс ороогүй болно/

Инженерийн дэд бүтэц – 32.1 тэрбум

Орон сууц, соёл ахуй үйлчилгээний барилга байгууламжийн барилга – 179.8 тэрбум

Гурвалжин дэд төв – 173.0 тэрбум

“Орон сууцны 2, 3-р нэгж хорооллын барилгажилтын төсөлд” эхний ээлж буюу 2015-2020 онд нийт 163.8 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд төслийн явцад орон сууцны борлуулалтын орлого орж ирэх тул төслийг хэрэгжүүлэхэд 75.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэн олон дахин ашиглах тооцоотой болно. Үүнээс 25.0 тэрбум төгрөгийг газар, орон сууцны барилгаар бүрдүүлсэн тул төсөл хэрэгжүүлэгч нь гадаадын хөрөнгө оруулагчаас 80.0 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэх хэрэгтэй.

Үр ашгийн тооцооноос харахад энэ төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 2-р нэгж хороололд 22%-ийн ашигтай 3-р нэгж хороололд 24.3%-ийн ашигтай ажиллах төлөвтэй байна.

 

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

Орон сууцны 2, 3 дугаар нэгж хороололд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 74 орон сууцны барилга байгаагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан 34 барилга байгаа ба Нийслэлийн Засаг даргын 2014 оны 977 дугаар захирамжаар дахин төлөвлөн барилгажуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 10 багц төсөл болгон төсөл хэрэгжүүлэгчийг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг үндэслэн олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

 

 

 

 

 

 

ХАНДАЛТЫН ТОО

1389842
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
205
366
205
12614
15849
1389842

Холбоо барих

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон 11,13-р давхар

Утас: (+976) 320461