Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хөдөлмөрийн дотоод журам

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хөдөлмөрийн Дотоод журам /цаашид “Дотоод журам” гэх/-ын зорилго нь Монгол Улсын Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай, Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжууд болон газрын дүрмийг хэрэгжүүлэхэд нэгжүүдийн ажлыг үр өгөөжтэй зохион байгуулах, нийт албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг оновчтой болгон хэрэгжүүлэх, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Дотоод журам нь хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ажилтан нь үнэнч шударгаар хөдөлмөрлөх, хамт олны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцлийг хангах, нийгмийн асуудлыг зохих түвшинд шийдвэрлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, бусдын дотоод хэрэгт үл оролцох, харилцан хүндэтгэх зарчим дээр хэрэгжинэ.

1.3.Энэхүү Дотоод журам нь газрын үйл ажиллагааны хүрээнд нийт албан хаагчид дагаж мөрдөх бөгөөд Орлогч дарга болон нэгжийн дарга нар хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллана.

1.4.Газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцсэн тушаал шийдвэрийг гаргаж, биелэлтийг хангуулна.

Хоёр. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид ”Ажил олгогч” гэх/ нь Газрын дарга, орлогч дарга нар, алба, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн (цаашид “Албан хаагч” гэх)-тэй байх бөгөөд тэдгээр нь удирдах, удирдуулах ёсыг шат шатандаа хэрэгжүүлнэ.

2.2.Газрын даргын дэргэд байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэх Захиргааны зөвлөл, хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт, барилга байгууламжийн төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн шийдэл, техник технологи, эдийн засгийн тооцоог хэлэлцэж нийслэлийн хэмжээнд нэгдсэн дүгнэлт гаргах үүрэг бүхий хот байгуулалтын Мэргэжлийн зөвлөл ажиллана. Захиргааны зөвлөлийн хурлын дэгийг Газрын даргын тушаалаар тогтооно. Зөвлөлийн шийдвэрийг газрын албан хаагчид даган биелүүлнэ.

2.3.Орлогч дарга нь алба, хэлтсийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, газрын даргын эзгүйд эрх үүргийг нь хэрэгжүүлж ажиллана.

2.4.Албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг Ажлын хэсгийн ахлагч, Газрын дарга баталгаажуулна.

2.5.Орлогч дарга, нэгжийн дарга нь Газрын даргатай Үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлт, түүний үр дүнг Газрын даргын өмнө хариуцан тайлагнана.

2.6.Алба, хэлтсийн дарга нь нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын биелэлт, үр дүнг Газрын даргын өмнө хариуцна. Үүнд:

2.6.1.Албан хаагчдын жилийн ажлын төлөвлөгөөг байгууллагын ажлын батлагдсан төлөвлөгөөтэй нягт уялдуулан хянаж батлах;

2.6.2.Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээ байгуулж, биелэлт, түүний үр дүнг журмын дагуу хариуцан тайлагнах;

2.6.3.Албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд хяналт тавьж, цагийн бүртгэлийг баталгаажуулах;

2.6.4.Албан хаагчдыг урамшуулах, шагналд тодорхойлох санал тавих;

2.6.5.Албан хаагчдад захиргааны болон сахилгын арга хэмжээ авах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

2.6.6.Хариутай албан бичиг, өргөдөл гомдлыг удирдлагаас өгсөн үүргийн дагуу хугацаанд нь шийдвэрлүүлэх;

2.6.7.Шинээр томилогдсон албан хаагчдад ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг танилцуулж, зааварчилгаа өгөх;

2.6.8.Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих;

2.6.9.Албан хаагчдын ажлын ачааллыг жигдрүүлэх, үйл ажиллагааг нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй.

2.7.Алба, хэлтсийн ажлын төлөвлөгөө, тайлан, тогтоол, шийдвэрийн биелэлт, дотоод ажлыг ахлах мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэж, тэдгээрийг нэгжийн дарга хянан баталгаажуулж, Захиргаа, санхүүгийн хэлтэст хүргүүлнэ.

Гурав. АЖИЛ ОЛГОГЧ, АЛБАН ХААГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

3.1.Ажил олгогч дараах эрх эдэлнэ. Үүнд:

3.1.1.Албан хаагчдаас ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан үүрэг болон эрхэлсэн ажлынх нь чиглэлээр шууд хамаарах, мөн цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүргийг цаг тухайд нь биелүүлэхийг шаардах;

3.1.2.Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллахыг шаардах;

3.1.3.Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд зохих хариуцлага хүлээлгэх;

3.1.4.Дотоод эрх зүйн актуудуудыг мөрдөж ажиллахыг шаардах;

3.2.Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

3.2.1.Албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулан, ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, тэдний эрүүл мэндийг хамгаалах, дотоод журам, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

3.2.2.Албан хаагчдад албан тушаалын цалингийн сүлжээний дагуу цалин хөлсийг хугацаанд нь олгож, хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх нөхцлийг хангах;

3.2.3.Албан хаагч нь төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх чиглэлээр суралцах хугацаанд эрхэлж буй албан тушаалын цалин хөлсийг олгох.

3.3.Албан хаагчид нь Хөдөлмөрийн болон Үр дүнгийн гэрээ байгуулах бэлтгэл ажлыг тухайн оны 1 дүгээр сарын 20-ны дотор хангаж, нэгжийн даргатай байгуулна. Шинээр ажилд орсон ажилтан тушаал гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Хөдөлмөрийн болон Үр дүнгийн гэрээг нэгжийн даргатай байгуулна.

3.4.Албан хаагч дараах эрх эдэлнэ. Үүнд:

3.4.1.Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай компьютер, техник хэрэгсэл, телефон холбоогоор хангагдан, дотоод сүлжээ болон интернэтэд холбогдон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн нөхцөлд ажиллах;

3.4.2.Энэхүү журам болон бусад хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлс, нэмэгдэл, ээлжийн амралт, тусламж тэтгэмж, нөхөх төлбөр, нийгмийн баталгаагаа дээшлүүлэх;

3.4.3.Байгууллагын зөвшөөрлөөр мэргэших болон мэргэжил ахиулах сургалтанд суралцах.

3.5.Албан хаагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

3.5.1.Газрын дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, дотоод журам, холбогдох эрх зүйн акт, дүрэм журмыг чанд сахин биелүүлэх;

3.5.2.Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

3.5.3.Дээд байгууллагын шийдвэр, удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусгагдсан асуудлыг Газрын дарга, орлогч дарга, нэгжийн даргын өмнө бүрэн хариуцах;

3.5.4.Албан хэрэг, баримт бичгийн нууцыг чандлан хадгалж, стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлэх, хувийн зорилгоор ашиглахгүй байх;

3.5.5.Эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ариг гамтай эдэлж, бичиг хэргийн материалыг хэмнэлттэй зарцуулах;

3.5.6.Албан хаагч гадаад оронд болон дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалт семинар, танилцах аялалд оролцох хүсэлтийг нэгжийн дарга, газрын удирдлагад урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авах;

3.5.7.Томилолтоор ажилласан албан хаагч ажлын удирдамжийн дагуу тайлангаа холбогдох нэгжийн даргад танилцуулж, санхүүгийн тооцоог ажлын 5 хоногийн дотор хийх;

3.5.8.Гадаад оронд болон дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалт, танилцах аялалд оролцсон ажилтан тайлангаа явж ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан нээлттэй танилцуулах;

3.5.9.Үнэнч шударга хөдөлмөрлөж, даалгасан ажлыг хугацаанд нь биелүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан мэдлэг, мэргэшил болон ажлын ур чадвараа байнга дээшлүүлж ажиллах;

3.5.10.Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.3 дах заалтын хэрэгжилтийг хангаж ажиллана. Үүнд:

3.5.10.1.Тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ.

3.5.10.2.Тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор мэдүүлж бүртгүүлнэ.

3.5.10.3.Хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ.

3.5.10.4.Захиргааны акт гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

Дөрөв. АЛБАН ХААГЧДЫГ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ, ХАЛАХ

4.1.Газар нь Нийслэлийн Засаг даргаас баталсан орон тооны хязгаарт багтаан хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна.

4.2.Газар нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 16 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг дагаж мөрдөнө.

4.3.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд дараах зарчмыг баримтлана. Үүнд:

4.3.1.Өөрийн байгууллагад болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар сул орон тоог нөхөх;

4.3.2.Нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлд тавьж сул орон тоог нөхөх;

4.3.3.Нөөцөөс нөхөх боломжгүй тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохих журмын дагуу зарлан явуулж, нэр дэвшүүлэн томилох;

4.3.4.Төрийн үйлчилгээний албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг удирдлага болгон ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн иргэний өргөдлийг Захиргаа, санхүүгийн хэлтэс хүлээн авч судалсны үндсэн дээр холбогдох нэгжийн даргын саналын хамт Орлогч даргад танилцуулан, Газрын даргын тушаалаар ажилд томилно.

4.3.5.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтооно.

4.4.Төрийн захиргааны албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд:

1/Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;

2/ Боловсролын дипломны нотариатаар батлуулсан хуулбар;

3/ Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;

4/ Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

5/ Иргэний үнэмлэх;

6/ Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай баримт;

7/ Фото зураг /4х6/ 6 хувь;

8/ Бусад /шаардлагатай нэмэлт мэдээлэл/.

4.5.Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн 4.4-ийн 6-д зааснаас бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.

4.6.Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн шинээр ажилд томилогдсон ажилтанд дараах зүйлийг танилцуулан зааварчилгаа өгнө. Үүнд:

1/ Газрын дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журам;

2/ Ёс зүйн дүрэм;

3/ Сарын үндсэн болон нэмэгдэл цалингийн хэмжээ;

4/ Хөдөлмөрийн нөхцөл, шаардлага.4.7.Шинээр ажилд орсон ажилтанд томилогдсон өдрөөс ажлын 10 хоногийн дотор албан ажлын үнэмлэх олгоно.

4.8.Шинээр томилогдсон албан хаагч туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан, 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил гаргавал уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзнэ.

4.9.Албан хаагч ажлаа өөрчлөх, өөр байгууллагад шилжих, ажлаас чөлөөлөгдөхийг хүсвэл ажлын 10 хоногийн өмнө бичгээр өргөдөл гаргаж, нэгжийн даргаар уламжлуулан хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өгнө. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүсэлтийг Орлогч дарга, Газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.10.Ажилтан албан хаагчдыг Газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөх буюу хална. Тушаалд ажлаас халсан буюу чөлөөлсөн шалтгаан үндэслэлийг тодорхой бичнэ.

4.11.Газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан ажилтнаас албан бичиг баримт /ажил хүлээлцэх хуудсаар/, эд хөрөнгийг /картаар/ хүлээн авах бөгөөд ээлжийн амралтын болон холбогдох тооцоог хийсний дараа хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн албан ажлын үнэмлэхийг эргүүлэн авч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн олгоно.

4.12.Ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн албан хаагчдыг албан тушаалын зэрэг дэв, нэмэгдлийг бууруулахгүйгээр ажилтныг байгууллагын дотор сэлгэн ажиллуулж болно.

Тав. ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА

5.1.Захиргаа, санхүүгийн хэлтэс нь байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулж, төлөвлөсөн ажлын нэгдсэн гүйцэтгэл, үр дүнг Орлогч дарга, Газрын даргад танилцуулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

5.2.Нутгийн захиргааны байгууллагын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгжүүд цаг хугацаанд нь гаргаж, Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлэх бөгөөд нэгтгэлийг Орлогч дарга, Газрын даргад танилцуулж, холбогдох газарт хүргүүлнэ.

5.3.Орлогч дарга нь цаг үеийн ажил, үйл ажиллагааны явцын талаар алба, хэлтсийн дарга нартай 7 хоног бүрийн “Мягмар” гаригийн 9.00 цагаас хурал зохион байгуулж, хэлэлцсэн асуудлыг нэгжийн дарга нар нийт ажилтанд мэдээлж ажиллана.

5.4.Газар нь үйл ажиллагааны дотоод мэдээллийн цагтай байна. Гаднаас лектор урьж оролцуулсан тохиолдолд 30.0 /гучин мянга/ мянган төгрөг олгоно.

5.5.Албан томилолтоор ажиллах ажилтаны ажлын удирдамжийг Орлогч дарга батална. Албан томилолтын зардлыг тогтоосон журмын дагуу олгоно. /Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 2 хоногоос дээш хугацаагаар, орон нутагт ажиллавал томилолтын зардал олгоно/

5.6.Албан хаагч нь Газрын дарга, орлогч даргын зөвшөөрлөөр бусад байгууллагаас томилсон ажлын хэсэг, үнэлгээний хороо, төслийн багт ажиллана.

5.7.Албан хаагч нь хариуцсан ажил үүргийн шугамаар бусад байгууллагаас томилсон Ажлын хэсэг, Үнэлгээний хороо, төслийн багт ажиллах тохиолдолд гүйцэтгэх ажлын талаар Орлогч дарга, нэгжийн даргад танилцуулна.

5.8.Газрын тамга түших албан хаагчийг Газрын даргын тушаалаар томилно. Түүний эзгүй /ээлжийн амралт, гадаад томилолт, өвчтэй, чөлөөтэй/-д Захиргаа, санхүүгийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн хариуцна.

5.9.Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга нь нэгжийн албан ажилд ашиглах унааны зохицуулалтыг хариуцан ажиллана.

5.10.Газрын үйл ажиллагаанд мөрдөгдөх эрх зүйн актыг Хуулийн хэлтэс нь холбогдох нэгжтэй хамтран боловсруулж, батлуулна.

5.11.Газрын даргын илтгэл, хэлэх үг, танилцуулгыг чиг, үүргийн дагуу холбогдох нэгж боловсруулж, Орлогч дарга хянана.

5.12.Газраас үзүүлж буй төрийн үйлчилгээнд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, шийдвэрлэлтийн шат дамжлага зэргийг тогтоосон маягтыг Газрын даргын тушаалаар баталж, албан хаагч бүр хэрэгжүүлж ажиллана.

Зургаа. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ

6.1. Нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтод Газарт нэр зааж хариуцуулсан ажлыг Газрын жилийн ажлын төлөвлөгөөнд агуулга, найруулгын өөрчлөлтгүйгээр тусгана.

6.2.Газрын жилийн ажлын төлөвлөгөөнд тухайн нэгжид нэр зааж хариуцуулсан ажил жилийн ажлын төлөвлөгөөнд агуулга, найруулгын өөрчлөлтгүйгээр тусгагдсан байна.

6.3.Нэгжийн жилийн ажлын төлөвлөгөөнд албан хаагчид нэр зааж хариуцуулсан ажил нь Үр дүнгийн гэрээнд агуулга, найруулгын өөрчлөлтгүйгээр тусгагдсан байна.

6.4.Газрын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тайланг хагас, бүтэн жилээр гаргана.

6.5.Нэгж нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, улирлаар тайлагнаж /дараа сарын 5- ны дотор/, хагас жил /6-р сарын 20-ны дотор/, жилийн эцэс /12 дугаар сарын 15-ны дотор/-т Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлнэ.

6.6.Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ ажлын гүйцэтгэлийг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, ажлын үр дүн, ажлын цаг ашиглалт, албан бичиг, өргөдөл, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлт, ёс зүйн дүрмийн хэрэгжилт зэргийг харгалзан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан менежерийн болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх журмын дагуу хагас /6-р сарын 20-ны дотор/, бүтэн жилээр /12 дугаар сарын 15-ны дотор/ дүгнэнэ.

6.7.Захиргаа, санхүүгийн хэлтэс хагас, бүтэн жилээр нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

6.8.Засгийн газрын хөтөлбөр, зорилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт, дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайлан болон мэдээг нэгжүүд улирал, хагас, бүтэн жилээр гаргаж, Захиргаа, санхүүгийн хэлтэс нэгтгэн, Орлогч дарга, Газрын даргад танилцуулж, албан бичгээр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

6.9.Газрын санхүүгийн тайланг улирал, хагас, бүтэн жилээр гарган Орлогч дарга, Газрын даргад танилцуулж, хуулинд заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлж, газрын цахим хуудсанд байршуулна.

6.10.Тайлан, мэдээний үнэн зөв байдал, хариутай бичгийн шийдвэрлэлт зэрэгт албан хаагч нь нэгжийн даргын өмнө, нэгжийн дарга нь Орлогч дарга, Газрын даргын өмнө хариуцлага хүлээнэ.

Долоо. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН СТАНДАРТ, ЗААВАР

7.1.Газрын хэмжээнд албан хэрэг хөтлөлт, архивын үндсэн заавар, бичиг хэргийн стандарт болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

7.1.1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль;

7.1.2.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”;

7.1.3.бусад;

7.2.Бусад байгууллагад илгээх албан бичигт:

· Захиргаа, санхүүгийн хэлтэс 1;

· Ерөнхий архитекторын ажлын алба 2;

· Хот төлөвлөлтийн хэлтэс 3;

· Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс 4;

· Барилга, байгууламжийн хяналтын хэлтэс 5;

· Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс 6;

· Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтэс 7;

· Хот дахин хөгжүүлэх хэлтэс 8;

· Хуулийн хэлтэс 9;

гэсэн 9 индексийг хэрэглэнэ.

7.3.Газар нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн болон захирамжлалын хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

7.4.Газар нь Архивын дүрэм, Албан хэрэг хөтлөлтийн журмыг боловсруулан Газрын даргаар батлуулж, хэрэгжүүлж ажиллана.

Найм. АЖЛЫН ЦАГ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ

8.1.Албан хаагчдын долоо хоногийн ажлын цаг 40 цаг байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна.

8.2.Байгууллагын хэмжээнд ажил 8.30 цагт эхэлж, 12.30-13.30 цагт завсарлаж, 17.30 цагт дуусна.

8.3.Албан хаагч ажилд ирсэн буюу тарсан цагаа хуруу бүртгэлийн программд заавал бүртгүүлнэ. Хуруугаа таниулаагүй тохиолдолд тухайн өдрийг ажил тасалсанд тооцно.

8.4.Ажилтан албан хаагчийн ажлын цаг ашиглалтын байдалд харъяалах нэгжийн дарга хяналт тавих бөгөөд цагийн бүртгэлийг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэгтгэн гаргана.

8.5.Албан хаагч чөлөө авах, албан томилолтоор явах, өвчтэй байх зэрэг цагийн бүртгэлтэй холбоотой асуудлыг заавал бичгээр баримтжуулж хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөх ба баримтыг нөхөн бүрдүүлж өгөх хугацаа ажлын 2 өдрөөс илүүгүй байна.

8.6.Чөлөө олгоход дараах зарчмыг баримтлана.

8.6.1.Хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд ажлын 2 өдөр хүртэл хугацааны цалинтай чөлөөг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга,

8.6.2.Албан хаагчийн гэр бүлд шинээр хүүхэд мэндэлсэн, гэр бүлийн гишүүн болон төрөл төрөгсөд нас барсан тохиолдолд ажлын 5 хоногийн цалинтай чөлөө,

8.6.3.Энэ журмын 8.6.1-д зааснаас дээших хугацааны чөлөө хүссэн өргөдөлтэй Орлогч дарга танилцаж, Газрын даргын тушаалаар чөлөө олгоно.

8.6.4.Чөлөөний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хэтэрсэн хугацааг ажил тасалсанд тооцно.

8.7.Албан хаагч нь гадуур ажлаар явахдаа харъяалах нэгжийн даргад, нэгжийн дарга нь Орлогч даргад мэдэгдэнэ.

8.8.Албан хаагчийн саналыг харгалзан ээлжийн амралтын хуваарийг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гаргаж, Орлогч даргаар хянуулан Газрын даргын тушаалаар батална.

8.9.Албан хаагч нь ээлжийн амралт эдлэхийн өмнө хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээс амралтын мэдэгдэх хуудас авч, амралтын олговорыг тооцуулна.

8.10.Шинээр ажилд томилогдсон ажилтанд ажилд орсноос хойш 6 сар ажилласны дараа ээлжийн амралтыг олгоно.

Ес. ЦАЛИН ХӨЛС, НЭМЭГДЭЛ, ОЛГОВОР, ШАГНАЛ УРАМШИЛ

9.1.Албан хаагчдын үндсэн болон нэмэгдэл цалинг тухайн жилийн 1 дүгээр сард холбогдох хууль тогтоомж, заавар журамд нийцүүлэн ажлын үр дүн, ажилласан хугацааг харгалзан Газрын даргын тушаалаар батлан олгоно.

9.2.Албан хаагчдын цалин хөлсийг сар бүр 2 хуваан /сар бүрийн 15, 30-ны өдөр/ тогтоосон өдөрт олгоно.

9.3.Ажлын зайлшгүй шаардлагаар албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн, илүү цагаар ажилласан цалингийн зөрүүг тусгайлан олгохгүй бөгөөд тухайн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд харгалзан үзэж урамшуулал олгоно.

9.4.Албан хаагчийн жилийн ажлын Үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан 3 хүртэлх сарын үндсэн цалингаар урамшуулна.

9.5.Эрхэлсэн ажлаа үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан болон газрын хэмжээнд чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, томоохон хэмжээний судалгааны ажилд идэвхи санаачилгатай оролцсон ажилтныг Улсын баяр, Нийслэлийн өдөр, салбарын баярын өдрөөр 1 сарын үндсэн цалингаар урамшуулна.

9.6.Албан хаагчийг Монгол Улсын одон, медаль, салбарын болон Нийслэлийн шагналаар шагнуулах саналыг хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэгжийн даргаас авч, Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ. Шагналд тодорхойлох ажлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

Арав. НИЙГЭМ АХУЙН ХӨНГӨЛӨЛТ

10.1.Ажилтан, албахн хаагчид тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр тогтоож олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар зохицуулна.

10.2.Дараах тохиолдолд тэтгэмж олгоно. Үүнд:

а/албан хаагчийн гэр бүлд шинэ хүүхэд мэндэлсэн, нэг хүртэл насны хүүхэд үрчилж авсан бол 100.0 /нэг зуу/ мянган төгрөг;

б/тус газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг жилд 2 удаа хүлээн авч, хүн тус бүрт нэг удаа 100.0 /нэг зуу/ мянган төгрөг;

в/албан хаагч өөрөө, түүний эхнэр (нөхөр), төрсөн хүүхэд, эцэг эх 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн, удаан хугацаанд асрамжлахад нь зориулж 500.0 /таван зуу/ мянга хүртэлх төгрөг;

г/албан хаагч хүндээр өвчилж хагалгаанд орсон тохиолдолд эмчилгээнд нь зориулж 1.0 /нэг/ сая төгрөг;

д/албан хаагчийн эхнэр (нөхөр), хүүхэд нас барвал 1.0 /нэг/ сая төгрөг, эцэг, эх, хадам эцэг, эх, нас барвал 200.0 /хоёр зуу/ мянган төгрөг;

е/газрын албан хаагч нас барсан бол нэг удаагийн тэтгэмж 3 жилийн үндсэн цалин;

ё/албан хаагчийн гэр орон байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн тохиолдолд 500.0 /таван зуу/ мянган төгрөг;

ж/албан хаагч гэр бүл болж хурим хийвэл 500.0 /таван зуу/ мянган төгрөг;

з/албан хаагч төрийн дээд одон медалиар шагнагдахад 200.0 /хоёр зуу/ мянган төгрөгийн бэлэг дурсгалын зүйл олгоно.

10.3. Дараах тохиолдолд нийгэм, ахуйн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

а/албан хаагчдын 16-аас доош насны хүүхдүүдэд Эх үрсийн баяраар бэлэг авахад нь зориулж хүүхэд тус бүрт 20.0 /хорь/ мянган төгрөг, шинэ жилийн баяраар гэр бүлд нь бэлэг авахад зориулж 25.0 /хорин тав/ мянган төгрөг

б/албан хаагчдыг 2 жилд нэг удаа эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулна.

10.4.Ажилтан дараах баталгаагаар хангагдана. Үүнд:

а/албан хаагч 3 сараас дээш хугацааны сургалтад бэлтгэгдэх, мөн цэргийн жинхэнэ алба хаахаар бол 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ.

б/газрын зүгээс албан хаагчдад хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах боломжийг судлаж хэрэгжүүлнэ.

10.5.Ажилтнуудын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн амралт, аялал, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх талаар анхаарч тодорхой ажил зохион байгуулна.

10.6.Түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Газрын дарга, захиргааны зөвлөлөөс хамт олны дунд уралдаан тэмцээн, аялал зохиох, үзвэр үзүүлэх зэрэг ажил зохион байгуулж болно.

Арван нэг. АЛБАН ХААГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

11.1.Албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг үл гаргана.

11.2.Албан хаагч нь газрын өмч, эд хогшил, техник хэрэгслийг өөрийн буруутай үйлдлээс эвдэх, ашиглалт хамгаалалтад гэмтэл учруулахыг үзүүлэхийг хориглоно.

11.3.Ажлын байрнаас зөвшөөрөлгүйгээр ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл, сервер болон мэдээллийн санд хадгалагдаж буй зурган болон текстэн мэдээлэл гэх мэт/ гадагш гаргахыг хориглоно.

11.4.Нууцлал бүхий компьютерийн серверийн өрөө, архивт зөвшөөрөлгүйгээр гадны хүн байлгах, ажлын цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11.5.Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үед согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хориглоно.

11.6.Хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах, өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн ашиг сонирхолын зорилгоор ашиглахыг хориглоно.

11.7.Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдыг дарамтлах, хууль тогтоомжинд нийцэхгүй хууль бус зүйлийг шаардах, хээл хахууль, бэлэг авахыг хориглоно.

11.8.Албан хаагч нь хариуцсан ажлын чиглэлээр захиргааны акт, гэрээ /тушаал шийдвэр, дүрэм, журам, зөвлөх үйлчилгээний гэрээ, бусад ажил гүйцэтгэх гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын болон зургийн даалгавар, албан шаардлага, зөвшөөрөл гэх мэт/ боловсруулахад ажил, мэргэжлийн алдаа гаргахыг хориглоно.

Арван хоёр. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

12.1.Энэ журмын 3.5, 5.12, 7.1, 7.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн болон албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.

12.2.Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээ, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, ажлын үр дүн, ажлын цаг ашиглалт, албан бичиг, өргөдөл, гомдол, хариутай бичгийн шийдвэрлэлт, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг удаа дараа зөрчин, зөрчлийг давтан гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас халах буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална.

12.3.Газрын өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтад өөрийн буруугаас хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцна.

Арван гурав. БУСАД ҮЙЛ

13.1.Энэхүү журамд тусгагдаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулна.

13.2.Дотоод журамд Газрын даргын тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд тэдгээр нь журмын салшгүй хэсэг болно.

13.3.Байгууллага, нэгж, албан хаагчид нь өнгөрсөн жилд гаргасан ололт, амжилтаа бататган, ажлын үр дүнгээ ямагт дээшлүүлэхийг эрмэлзэж, амжилтыг бууруулахгүй ажиллавал зохино.

13.4.Бусад

------------оОо------------