Э.Давааням: Улсын комисс хуулийн дагуу ажилласныг АТГ, прокурор тогтоосон

Э.Давааням: Улсын комисс хуулийн дагуу ажилласныг АТГ, прокурор тогтоосон

“Бүрэн цутгамал” компанийн ерөнхий захирал Б.Батдэлгэр хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж буй. Тус компани нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барихаар гэрээ байгуулж, ажилласан аж.

Гэвч гүйцэтгэсэн ажлыг нь тухайн компанийн оролцоогүйгээр улсын комисс хүлээж авч, хууль зөрчин хохироосон хэмээн үзэж, Б.Батдэлгэр өлсгөлөн зарлан тэмцэж буй аж. Тэрбээр хотын дарга С.Батболд болон нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцрохыг шаардан, 70 гаруй цаг өлсгөлөн зарлаж буйгаа хэлж байна. Юунаас үүдэн маргаан үүссэн болоод улсын комисс “Бүрэн цутгамал” компанийг хохироосон эсэхийг бид нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Даваанямаас тодрууллаа.

 

-Танай байгууллагын даргыг огцрохыг шаардан, нэгэн иргэн өлсгөлөн зарлаж байна. Асуудал юунаас эхлэв?

-Барилга барихад захиалагч, гүйцэтгэгч хоёр гэрээ байгуулдаг. Энэ дагуу Сант сургууль, Бүрэн цутгамал гэдэг компанитай 2013.06.06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад, барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Ажил явагдаж байх үед Сант сургуулийн зүгээс чанаргүй барилга баригдаж байна. Харин гүйцэтгэгчийн талаас санхүүжилт хийгдэхгүй байна гэсэн шалтгаанаар маргаж эхэлсэн байгаа юм. Тэгээд 2013.10.21-ний өдөр Бүрэн цутгамал компаниас Сант сургуульд ажил гүйцэтгэх гэрээгээ цуцлах тухай албан бичиг өгсөн. Энэ бол Сант сургууль, Бүрэн цутгамал гэх компанийн хоорондын үл ойлголцлоос болоод гэрээгээ цуцалсан хоёр байгууллагын асуудал.

 

-Асуудлын гол нь юу вэ? Бүрэн цутгамал компани өөрөө ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гээд гэрээгээ цуцалсан юм байна.

-Бүрэн цутгамал компани ажил гүйцэтгэсний төлбөр 500 гаруй сая төгрөгийг Сант сургуулиас авахаар маргаан үүсгэж, хуулийн байгууллагад хандсан байгаа юм. Гэтэл Сант сургууль манай барилгыг чанаргүй барьж, хохироосон гэж цагдаагийн байгууллагад хандсан. Харилцан биенээсээ мөнгө нэхсэн гэсэн үг.

 

-Хоёр байгууллагын гэрээгээр зохицуулсан харилцаанд танай байгууллага ямар холбоотой вэ? Танайхаас ямар оролцоотой юм?

-Бүрэн цутгамал компани, Сант сургуулийн хооронд Иргэний хэргийн асуудал яригдаж байх үед манай улсын комисс тухайн барилгыг хүлээж авсан. Тэгтэл манай байгууллагыг гэмт хэргийн бүлэглэлийн зарчмаар ажиллаж байна гээд АТГ-д шалгуулахаар өгсөн. АТГ шалгаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас энэ асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлэх асуудал байна гэдгийг тогтоосон байгаа юм. Мөн нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй албан тушаалтнууд улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллахдаа хээл хахуул аваагүй, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаагүй, бусдад давуу эрх олгоогүй гэдгийг прокурорын байгууллага хянаж тогтоосон. Тэгээд энэ хэргийг хааж, нэхэмжлэгч Б.Батдэлгэрт мэдэгдэхийг прокуророын тогтоолд тусгасан байна. Өөрөөр хэлбэл манай байгууллагын комисс хуулийн дагуу ажилласан гэдгийг АТГ болон прокурорын байгууллага тогтоосон гэсэн үг.

 

-“Бүрэн цутгамал” компанийн ерөнхий захирал Б.Батдэлгэр улсын комисс манай байгууллагын бичиг баримтыг хууль бусаар ашигласан гэж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоол гарсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлэн Сант сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн прокурорын шийдвэр гараад хэрэгсэхгүй болгосон. Хуурамч бичиг баримт үйлдээгүй гэдгийг мөрдөн байцаагч шалгаж, прокурор хянаад шийдвэрээ гаргасан.

Ингээд АТГ болон иргэний хэргийн шүүх энэ маргааныг шалгаад, хэрэгсэхгүй болгонгуут Бүрэн цутгамал компаниас захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа юм. Улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар. Харин захиргааны хэргийн анхан шатны шүүхээс улсын комиссын акт Б.Батдэлгэрт хамааралгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Б.Батдэлгэр давж заалдсан. Давж заалдах шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ тогтоол эцсийн шийдвэр гэдгийг тусгасан байгаа юм. Товчхондоо шат шатны шүүхээс Бүрэн цутгамал компанийн эрх ашиг зөрчигдөөгүй, улсын комиссын акт хууль ёсны гэдгийг тогтоосон байна.

 

-Б.Батдэлгэр улсын комиссын бүрэлдэхүүнээрээ ирээгүй байхад 100 хувь гэж бичсэн. Гишүүдийн гарын үсгийг дууриалгаж зурсан гэх гомдол ярьж байна?

-Комиссын ирц 50 хувиас дээш бол тухайн барилга дээр шууд ажилладаг. 50 хувиас дээш ирцтэй комиссын шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Комисст ажилласан бүх гишүүдийг АТГ байцааж, тайлбар авсан.

-Дээрх бүхнээс энэ асуудал Сант сургууль, Бүрэн цутгамал компани гэх хоёр байгууллагын асуудал гэдгийг харж болно. Гэтэл яагаад хотын даргыг огцруулах шаардлага тавиад өлсгөлөн зарлаж байгаа юм бол?

-АТГ, цагдаагийн газар, дүүрэг, нийслэлийн прокурор, захиргааны хэргийн шүүх, манай газар гээд энэ хүнд эсрэг хариу өгсөн бүх байгууллага авлигачин, албан тушаалаа урвуулан ашигласан болдог. Эрх бүхий байгууллагын шийдвэрийг бүгд хээл хахуулаар шийдэгдсэн гэж үздэг. 500 сая төгрөгийн асуудлаа шийдүүлж чадахгүй явсаар өөрөө эцэст нь Сант сургуулийг 100 гаруй сая төгрөгөөр хохироосон өрөнд ороод явж байна. Эцэст нь улсын комиссын актыг хүчин болгуулах гэж оролдсон ч төрийн болоод хуулийн байгууллага хууль ёсны шийдвэрээ гаргасан.

В.Бат/шууд.мн/

Google+ Linkedin