Хот дахин хөгжүүлэх хэлтэс

ХОТ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2. Газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/ нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэхэд санал өгөх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулах, иргэдийн оролцоотойгоор гэр хороолол болон, газар шинэчлэн зохион байгуулах ажлын зураг төслийг хянах үндсэн үүрэг бүхий нэгж юм.

1.3. Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, Барилгын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, барилгын норм стандарт болон энэ дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллана.

1.4. Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан хот байгуулалтын чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд хуучин барилга байгууламж, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулах;

2.2. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг оршин суугчдын нь оролцоотойгоор дахин төлөвлөлөх, барилгажуулах ажлыг зохион байгуулах;

2.3. Иргэдийн оролцоотойгоор гэр хороололд дахин төлөвлөлт хийж, айл өрхүүдийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрээр хангасан тохилог амины сууцны хороолол болгон хөгжүүлэх, газар шинэчлэн зохион байгуулах ажлын зураг төслийг хянах;

2.4. Барилга, хот байгуулалт, газрын тухай хууль, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон холбогдох бусад хууль тогтоомж, норм дүрмийг баримтлан гэр хороололд барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, хэрэгжилтэнд хяналт тавих;

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1. Нийслэл хотод дахин төлөвлөлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, холбогдогдох журмуудад санал өгөх, хэрэгжилтийг хангуулах;

3.2. Дахин төлөвлөлт /гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөн барилгажуулах/-ийн ажлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хянан батлуулах;

3.3. Гэр хорооллын нутаг дэвсгэрт иргэд, аж ахуйн, нэгжээс ирсэн барилга, байгууламж барих хүсэлтийг судлан хуралд танилцуулж, дэмжигдсэн байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулан батлуулж, эх загвар зурагт хяналт тавин батлуулах.

3.4. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулахад шаардлагатай судалгаа, мэдээлэл, зураг схемийг газрын бусад хэлтэс болон холбогдох байгуулагаас гаргуулан авах, сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах, төсөл хэрэгжүүлэгчийг батламжлуулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах ;

3.5. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх;

3.6. Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон иргэн аж, ахуй нэгжийн барилга барих зөвшөөрлийг бүртгэн жижүүрийн зураг хөтлөх.

3.7. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтод ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах, Гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэчлэн зохион байгуулалтын асуудлаар санал өгөх, байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэх ажлыг хэрэгжүүлэх;

3.8.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас батлан гаргасан дүрэм, журам, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахад чиг үүргийн дагуу санал өгөх;

3.9. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хот байгуулалтын салбарын мэргэжлийн байгууллага, гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, туршлага судлах, хурал зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулах, оролцох;

3.10. Бусад алба, хэлтсээс үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэх асуудлаар шаардлагатай мэдээлэл, судалгаа, материалыг авах, ашиглах;

3.11. Газрын болон хэлтсийн үйл ажиллагаатай холбогдох иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан шийдвэрлүүлэх.

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1 Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2 Хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн /цаашид хамтад нь “албан хаагч” гэх/ гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.

4.3 Хэлтэс нь Газрын дарга, Орлогч дарга, Албаны дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нар, ажлын албаны даргад хариуцан тайлагнана.

4.4 Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.4.1 албан хаагч бүрийг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээтэй ажиллуулан, үр дүнгийн гэрээний биелэлт, үйл ажиллагааны тайланг сар тутам гаргуулж, биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.4.2 хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.4.3 хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.4.4 хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.4.5 албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.4.6 цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.4.7 бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах.

4.5 Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүрт нь зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.6. Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн албан ёсоор гүйцэтгэнэ.

4.7. Хэлтсийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4. ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.4. архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.5. ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх.

4.8. Хэлтсийн албан хаагч нь хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримт бичгийг бэлэн болгож, хэлтсийн ахлах мэргэжилтэн архивт хүлээлгэн өгнө.

4.9. Хэлтэс нь албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэрт нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг санаачлан зохион байгуулах асуудлыг газрын удирдлагад санал болгон шийдвэрлүүлэх замаар хэрэгжүүлнэ.

4.10. Хэлтсийн албан хаагчдын ажлын үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр сар бүр дүгнэж, хагас бүтэн жилээр нэгтгэнэ.

4.11. Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.12. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулж тэмдэглэл хөтөлнө.

————оОо————

Google+ Linkedin