Д.Хан-уул: дугуйн замын стандарт сайжирна

Д.Хан-уул: дугуйн замын стандарт сайжирна

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын

Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

-Нийслэлчүүд “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг их сонирхож байна. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлхээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай газраас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны  өдрийн А/211 дүгээр захирамжийн хүрээнд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын төвийн хэсэгт 162,3км унадаг дугуйн зам /10 трасс/, Сэлбэ, Туул, Дунд гол, Хөлийн голуудын дагуу 187,9км дугуйн зам /10 трасс/ нийт 350.2 км унадаг дугуйн замын трассын судалгаа, тохижилтын зураг төслийг мэргэжлийн зураг төслийн зөвлөх байгууллагад боловсруулсныг зөвшилцөн дугуйн замын трассын мэдээллийг хот байгуулалтын мэдээлэл, менежментийн системд оруулан бүртгэж хамгаалалтад авч байна.

-2017 онд будгаар тусгаарлан хийгдсэн дугуйн замыг зарим иргэд шүүмжилж байсан. Олон улсад дугуйн замын ямар төрлүүд байдаг юм бэ?

-Олон улсад дугуйн замын байгууламж нь олон янз. Автомашины зорчих хэсгийг тусгаарлаж дугуйн замын зурвасыг өнгөөр ялгаснаас гадна явган зорчигчийн зорчих хэсгийн тодорхой зурвасыг будгаар ялгаж өгсөн шийдлүүд түгээмэл байдаг. Энэ бол харьцангуй дулаан уур амьсгалтай хотуудад түгээмэл хэрэглэгддэг юм. Мөн өндөр өртөгтэй ч  асфальтаар тусгайлан барьж байгуулах шийдэл байна. Ер нь дугуйн замын байгууламж нь тухайн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдалтай маш нарийн уялдсан байх ёстой.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Нарны замын дагуу VII трассын 15,3 км дугуйн замыг НАЗХГазар хариуцан гүйцэтгэлийн тендер зарлан хэрэгжүүлсэн боловч хүйтний улирал болон бусад шалтгааны зогсоосон бөгөөд гүйцэтгэгч байгууллагын ажил гүйцэтгэх гэрээг дүгнээгүй байна.

Улаанбаатар хотод 2011 оноос дугуйн зам барьж байгуулах ажлын судалгаа эхэлсэн бөгөөд 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ–ын арга хэмжээний үеэр хотын төвийн хэсгээр дугуйн замууд тавигдаж эхэлсэн. Энэ зам маань ногоон өнгөөр ялгаж байгуулсан дугуйн зам гэдгийг та бид мэднэ. Энэ бүтээн байгуулалт богино хугацаанд хийгдсэн боловч насжилтын хувьд богино, өвлийн улиралд явган зорчигч явахад халтираа гулгаа ихтэй байгаа сул талууд ажиглагдаж эхэлсэн. Улаанбаатар хот  эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг учир зарим хотуудад үр дүнтэй, зардал багатай дугуйн замын шийдлүүд манай орны хөрсөн дээр буухгүй, үр дүнгээ өгөхгүй байгаа нь батлагдсан. Мөн Улаанбаатар хотын авто машины болон явган хүний замын зорчих хэсэг нь харьцангуй нарийн байдаг нь дугуйн замын тусгай трассыг бий болгож, барьж байгуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга цаашид хийгдэх дугуйн замыг асфальтаар барьж гүйцэтгэх үүргийг холбогдох газар албадуудад үүрэг болгосон байгаа. Энэ жилээс эхлэн тавигдах дугуйн замууд далхийн стандартад нийцсэн насжилт өндөр, өнгө үзэмж сайтай баригдах болно.

Нийслэл хот маань хот байгуулалтын хувьд 100 нас ч хүрээгүйн дээр төвлөрсөн төлөвлөгөөт системийн үед хотжиж эхэлсэн харьцангуй залуу хот учир унадаг дугуйн замыг барьж хэрэгжүүлэх боломж их байгаа. Гэсэн хэдий ч гүйцэтгэх тал дээр мэдлэг мэдээлэл, туршлага дутаж байгаагийн зэрэгцээ зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан, дутуу буруу мэдээллээр сөрөг мэдээлэл цацагдах зэрэг төрөл бүрийн л саад гарч байна.

-Энэ онд хэчнээн км дугуйн замыг ашиглалтад оруулах вэ?

-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Хотын төвийн хэсгийн III трасс буюу Бага тойруугийн дагуу 2 – 5 км дугуйн зам мөн Зайсан чиглэлийн II трассын 5.4 км дугуйн замыг гүйцэтгэх саналыг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлээд байна.

-Дугуйн зам бий болгохын хэрээр зогсоолын асуудал яригдах байх. Энэ талд хэрхэн анхаарч байна вэ?

-Дээр дурдсан нийт 350.2 км унадаг дугуйн замын трассын дагуу нэгдсэн зогсоолуудыг 70 байршилд төлөвлөсөн байдаг. Хотын төвийн хэсэгт төлөвлөгдсөн нэгдсэн зогсоолуудаас гадна төрийн байгууллага, үзвэр үйлчилгээний газрууд үйлчлүүлэгч иргэдэд зориулсан унадаг дугуйн зогсоолыг өөрсдийн хөрөнгөөр  өвөрмөц сонирхолтойгоор байгуулж байгаа нь талархууштай байна.

-Аялал жуулчлалын шугамаар дугуйн зам барихаар төлөвлөж байгаа гэсэн. Хаана хаана хийгдэх вэ?

-Тиймээ. Нийслэлийн хэмжээнд нийт 350.3км дугуйн замын 187.9км замын трасс нь дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд гэр бүл, хамт олноороо тодорхой байршилд зориулалтын замаар аялах боломжтой байршил буюу Туул, Сэлбэ, Дунд, Хөлийн голуудыг дагасан бие даасан унадаг дугуйн замын трасс байгаа. Үүний талаар манай газрын mpa.ub.gov.mn цахим хуудаснаас mpa.ub.gov.mn холбоосоор танилцуулга үзэх боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

Google+ Linkedin